“Фитч”/Fitch Ratings/ агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В тогтвортой ангилалд хэвээр үлдээлээ гэж энэ сарын 15-нд мэдээллээ. Тус агентлаг дараах үндэслэлээр монгол улсын эдийн засгийг тогтвортой байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол улс нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна. Гэхдээ санхүүгийн эх үүсвэр гаднаас хамааралтай, ялангуяа түүхий эдийн экспорт БНХАУ-аас шууд хамааралтай байгааг мэдээлэлдээ дурьджээ. “Фитч” агентлаг Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 5 хувьтай байна гэж тооцоолсон байна.
Уул уурхайн салбар сэргэсэн, нүүрсний экспорт тогтворжсон, төмөр замын тээвэрлэлт ойрын жилүүдэд жигдэрч экспорт хоёр дахин өснө, “Оюу Толгой” төслийн далд уурхайн олборлолт эхэлсэн зэргийг үндэслэж, эдийн засгийн өсөлтийн тооцоог гаргажээ. Харин манай улсын гадаад валютын нөөц бусад В зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад сул хэвээр байна. Хэдийгээр Засгийн газраас гадаад өрийн зохицуулалтыг сайн хийж байгаа ч 10 сард төлөх ёстой Хөгжлийн банкнаас гаргасан “Евро” бондыг төлөхөд Засгийн газар өрийн баталгаа гаргаж болзошгүй байгааг анхааруулжээ.
Мөн “Фитч” агентлаг манай улсын төсвийн алдагдлыг 2023-2024 онд 1%-иас бага байхаар төсөөлж байна. Гэсэн ч уул уурхайн салбар төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа учраас гадаад орчны эмзэг байдлыг улам нэмэгдүүлж болзошгүй байна. Цаашид ЗГ-ын өр үргэлжлэн буурах төлөвтэй байгаа бөгөөд 2024 онд ДНБ-ны 55 хувьд хүрч буурах төлөв ажиглагджээ. Инфляц 2023 онд 12 хувьтай, 2024 онд ес орчим хувь болж буурах гэж “Фитч” агентлаг дүгнэсэн байна.