АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID буюу ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөвчлөх замаар манай улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх Монголын эрчим хүчний судалгаа, инновацын сангийн үйл ажиллагааг (MERI) эхлүүллээ. Эл хөтөлбөр нь дээрх агентлагаас Монголд эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжүүлж буй төслийн нэг хэсэг бөгөөд уг салбарыг илүү уян хатан, тогтвортой болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа гэнэ. Төслийн хүрээнд энэхүү салбарыг илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой болгон хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, дотоодын цахилгааны хангамжийг тогтвортой, найдвартай болгох, сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор ОУХА нь Монголын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажиллаж буй аж.
ОУХА-ийн хөгжлийн дэд зөвлөх Стив Винкейтс “Эрчим хүчний салбарын хүчирхэг экосистем бий болгох, Монголын байгууллагуудыг институцийн хувьд болон хүний нөөцийн чиглэлээр чадавхжуулах, эл салбарын шилжилт, шинэчлэлийг дэмжих арга хэрэгсэл боловсруулахад зориулах санхүүжилтийг АНУ-ын Засгийн газраас олгож буйд баяртай байна” хэмээн өгүүлжээ. ОУХА нь тусламжийн хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарын шилжилтийг дэмжих байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд тинк танк, зөвлөх компани, ТББ, хувийн хэвшил, судалгааны болон холбогдох бусад байгууллагад буцалтгүй тусламж олгох гэнэ.