Шивээхүрэн-Сэхээгийн боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо. Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор “Шивээхүрэн төмөр зам” ХХК байгуулан, хувьцааных нь 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49-ийг нь “Нарийнсухайтын төмөр зам” ХХК эзэмшихээр шийдвэрлэсэн. Дээрх замаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нарийнсухайтын нүүрсний орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг Шивээхүрэнгийн боомт хүртэл эхний ээлжид автомашинаар тээвэрлэн, төмөр замд шилжүүлэн ачиж, БНХАУ-д экспортлох, тус улсын газар нутгаар дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх зорилготой. Уг бүтээн байгуулалтын ажлыг энэ сард эхлүүлж, гуравдугаар улиралд багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гол төмөр замын урт долоо, салбар замуудынх 20 орчим км байх бөгөөд 200 гаруй тэрбум төгрөгөөр барих юм байна.
Мөн баруун босоо төмөр зам буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дууссаныг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэв. Үүнд “Эссэнз саплайз” ХХК шалгарчээ. Барилга угсралтыг нь энэ оны гуравдугаар улиралд багтааж эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн мухар төмөр замын холболтын төмөр замын ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалтыг явуулж, БНХАУ-ын Төмөр замын II товчоо шалгарсан байна. Зураг төслийг ньэнэ онд багтаан боловсруулж, өмнөд хөршийн төмөр замтай холбох ажлыг эхлүүлэх гэнэ. Үүнээс гадна зүүн босоо чиглэлийн Хөөт-Бичигт-Зүүн хатавчийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг ирэх сард хийх юм байна.