Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шил” ажиллагааны хүрээнд олон нийтэд ил болгоод буй тусгай сангийн мэдээлэл, холбогдох байгууллагуудаас авсан баримт, статистикт үндэслэн дүн шинжилгээ, тооцоолол хийснээ танилцуулсан юм. Боловсролын зээлийн сан 1997 оноос хойш 2368 хүнийг гадаадад зээл, тэтгэлгээр сургасан. Тэгвэл тэдгээрт улсын төсвөөс олгосон санхүүжилтийг өнөөдрийн ханшаар бодоход 363 тэрбум төгрөг болж байгааг дурдлаа. Үүний 167 тэрбумыг бакалаврын түвшний оюутнуудад, 196 тэрбумыг магистр, докторт суралцагсдад олгосон байна. Харамсалтай нь, аль аль түвшинд суралцагсдын хувьд зээлийн эргэн төлөлт маш хангалтгүй буюу нийт суралцагчдын 99 хувь нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг хэлэв. Тус сангаас зээл, тэтгэлэг авсан суралцагчдын 90 орчим хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээд байгааг онцлоод “Боловсролын зээлийн сан зорилго, чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж, өндөр потенциалтай, санхүүгийн туслалцаа зайлшгүй шаардлагатай залууст ийм хэмжээний дэмжлэг үзүүлсэн бол үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болох байлаа” гэсэн юм. Мөн тэрбээр дэлхийд чансаагаараа тэргүүнд эрэмбэлэгддэг Харвардын их сургуульд 2013 онд тэнцсэн үедээ тус сангийн шударга бус шалгаруулалтад бүдэрч байснаа чтодотгов.
Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцсан хүмүүсийг зөвхөн УИХ-ын тогтоолоор зээлээс чөлөөлөх ёстой. 2011 онд баталсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухайхуульд ингэж заасан байдаг. Гэтэл 2011 оноос хойш ажилласан Боловсролын сайд нар үүнийг зөрчин тушаал гаргаж, олон хүний зээлийг хууль бусаар тэглэснийг тэмдэглэв. Л.Гантөмөр БСШУ-ы сайд байх үедээ хамгийн олон хүний зээл тэглэх шийдвэр гаргаж байж. Тэрбээр 2012-2016 онд 435 суралцагчийг 40.6 тэрбум төгрөгийн зээлээс чөлөөлсөн аж. Түүний дараа сайдын албан тушаалд томилогдсон Г.Чулуунбаатар 51 хүний 4.8, Ц.Цогзолмаа 73 суралцагчийн 6.3, Ё.Баатарбилэг 82 иргэний 8.5, Л.Цэдэвсүрэн 26 хүний 1.9, Л.Энх-Амгалан 89 суралцагчийн 9.05 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар тэглэсэн гэж мэдэгдлээ.