Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс жил бүр монгол хэл, бичгийн шалгалт авдаг. Энэ удаагийн шалгалтыг өнгөрсөн сарын 22-нд орон даяар зохион байгуулсан бөгөөд оролцогчдын 15 хувь буюу 4862 нь тэнцээгүй юм. Тэгвэл уг шалгалтыг наймдугаар сарын 19-нд дахин зохион байгуулахаар товлосон байна. Шалгалтын бүртгэлийг тухайн сарын 1-11-нд цахимаар явуулах аж. Өмнөх шалгалтад тэнцээгүй төгсөгчдийг үүнд автоматаар бүртгэх гэнэ. Тэднээс гадна өмнөх шалгалтаас хоцорсон, тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй төгсөгчид хамрагдаж болох нь. Монгол хэл, бичгийн шалгалт нь их, дээд сургуульд элсэх босго болдог. Өөрөөр хэлбэл, 400-гаас дээш оноо авснаар тухайн төгсөгчийн их, дээд сургуульд элсэх эрх нь нээгдэх юм. Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат үүний талаар “Өмнөх шалгалтад тэнцээгүй хүүхдүүд гурван сарын хугацаанд сайн бэлтгэж, оноогоо ахиулах боломжтой. Бүх хүүхдэд тэгш боломж олгох үүднээс энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулахаар боллоо. Наймдугаар сард шалгалтдаа тэнцсэн хүүхдүүд ирэх намар их, дээд сургуульд элсэх боломжтой” хэмээн мэдээлэв.
Бэлтгэсэн: М.Оч