Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Эхний жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдаж байгаа юм. Хоёр дахь удаагийн үнэлгээ тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилнэ. Төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багш хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх ажлын үр дүн, багшийн мэргэжлийн хөгжил, сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг.
Мөн багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг багшаас гадна хамт олон, сурагчид, эцэг эх, нийгмийн ажилтан, сургалтын менежер үнэлнэ. Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 6 шалгуур 9 үзүүлэлтээр үнэлдэг. Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн хөгжил, хамгаалал, сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ. Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эрэмбэлэх боломжгүй юм. Тиймээс нийслэл, аймгийн төв, сум-багийн төв гэсэн 3 байршлаар эрэмбэ үүсгэж судлагдахуун болгоноор индексийн 6 түвшинд хуваан тооцож 10-25 хувийн урамшуулал олгох аж.