Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гаргийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийж, Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, шатлалыг нь багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлого хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа. Уулзалтад оролцсон МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй. Төр зохицуулалтын ажлаа хийгээд, аж ахуйн ажлаа хувийн хэвшилд шилжүүлмээр байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин олдохгүй, МСҮТ-ийг төгсөгчид шаардлага хангадаггүй” гэсэн бол Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Энэ жил хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хийхдээ хөдөлмөрийн үнэмлэмж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдье” хэмээв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгалаа.
Бэлтгэсэн: У.Наран