Тогтвортой хөгжил, хүүхдийн эрх хамгаалал, хүртээмжтэй боловсролыг дэмжих чиглэлд ХААН Банк НҮБ-ын Хүүхдийн cантай хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурснаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”, “Гэр бүл, хүүхдэд ээлтэй бодлого”-ыг ХААН Банк бизнесийн үйл ажиллагаандаа уялдуулж, гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг сурталчлах, ажилтнуудынхаа гэр бүл, хүүхдийн хөгжилд илүү анхаарах, мөн хүүхдийн эрхийн талаар мэдлэг боловсрол олгох зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүллээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 оны улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа ихээхэн чухал билээ. Банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч ХААН Банк НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж буй нь цаашид хүүхдийн эрх, хүүхдийн хөгжлийн төлөөх үйл хэрэгт бизнесийн байгууллагуудаа манлайлан уриалах эхлэл тавигдаж байна.
Тус арга хэмжээний үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Cуурин төлөөлөгч Эваристе Коуасси- Комлан “Энэ хамтын ажиллагааны үр дүнд Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж буй ХААН Банкны ажилтнууд хүүхдийн эрхийн манлайлагч болно гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Нөгөө талаас ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Энэхүү санамж нь Монгол Улсын бусад аж ахуйн нэгжүүдийг хүүхдийн эрхийн төлөөх үйлсэд уриалахад томоохон түлхэц болно гэж үзэж байгаа төдийгүй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хүүхдэд бүх талаараа ээлтэй байх олон ажлын эхлэлийг тавьж байна” гэв.
Хүүхдэд санхүүгийн боловсрол мэдлэг олгох, тэдэнд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлд өнгөрсөн хугацаанд ХААН Банк цөөнгүй ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн билээ. Тухайлбал, 0-17 насны хүүхдүүдэд зориулсан Teen картыг 2020 онд анх нэвтрүүлснээс хойш олонд хэдийнэ танигдсан төдийгүй хүүхдүүд өдөр тутамдаа хэдийнэ хэрэглэж хэвшээд буй. “Ирээдүй” санхүүгийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, орон даяар ЕБС-ийн хүүхдүүдэд сургалт зохион байгуулж байв. Мөн хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх хүрээнд, ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах, сэтгэл тайван, үр бүтээмжтэй ажиллах боломж олгох зорилгоор банкныхаа Жуков оффисын дэргэд “Хүүхэд харах өрөө”-г саяхнаас нээн, ажиллуулж эхлээд байна. Тус оффист ажилладаг ажилтнуудын 3-10 насны хүүхдүүдийг түр хугацаагаар хүлээн авах зориулалттай энэхүү төв нь бага насны хүүхдийн онцлогт тохирсон орчин, нөхцөлийг бүрдүүлсэн, мэргэжлийн багштай, бага ангийн сурагчид хичээлээ хийгээд суух боломжтой гэдгээрээ онцлог. Цаашид ХААН Банк бусад томоохон оффисуудад энэ жишгээр хүүхдийн өрөөнөөс гадна хөхүүл ээжүүдэд зориулсан тусгай өрөөг тус тус байгуулахаар төлөвлөөд буй.
НҮБ-ын Хүүхдийн cантай байгуулсан бидний хамтын ажиллагаа цаашид илүү өргөжиж, хүүхдэд үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк