Альберт Эйнштейн ХХ зууны эхний хагасын хамгийн алдартай хүн байв. Тэрбээр 1879 онд Германд төрж, 76 жил амьдраад 1955 онд АНУ-д өөд болсон юм. Амьдралынхаа сүүлийн 15 жилийг Америкт өнгөрөөсөн аж. Түүний амьдралын сонирхол татам баримтаас цөөнийг өгүүлье.
Эйнштейн гойд алдар нэртэй хүн байсан юм. Гудамжинд тааралдсан хүмүүс саатан түүнийг зогсоогоод “Та Эйнштейн гуай мөн үү” гэхэд эрдэмтэн “Биш ээ, уучлаарай, хүмүүс намайг түүнтэй андуураад байдаг юм” гэж хэлдэг байсан гэдэг. Хүүхэд байхад нь түүний өсөлт хөгжил их удаан, долоон нас хүрч байж муухан ярьдаг болсон байна. Тэгсэн хэрнээ хүүхэд байхдаа хийл хөгжим тоглож сураад, насан туршдаа түүнээс салаагүй аж.
Эйнштейн еврей үндэстэн байв. Израил улс бүрэлдэн тогтнож байсан 1952 онд Ерөнхийлөгч болохыг их эрдэмтэнд санал болгож байжээ. Эрдэмтэн л болохоос биш, улс орон удирдах туршлага байхгүй хэмээн эрс татгалзжээ.
Нас барахынх нь өмнө түүнд мэс засал хийх гэхэд “Амьдралыг зохиомлоор уртасгах нь утга учиргүй” гэж хэлсэн байна. Үхлийг тэр байгалийн жам ёсны үзэгдэл гэж ихэд тайван, түүгээр ч барахгүй хөгжил наргиантай хүлээсэн аж. Сүүлчийн үгээ германаар хэлснийг нь америк сахиул нь ойлгоогүйгээс хүн төрөлхтөн түүнийг нь мэдэлгүй хоцорчээ. Ихэд нэр цуутай хүн байсан болохоор хэсэг хугацаанд хүмүүст гарын үсгээ өгөөд нэг ам.доллар авдаг, тэр мөнгөө буяны үйлсэд хандивладаг байж.
Эйнштейн их будилуу хүн байсан талаар домог мэт яриа олон байдаг. Нэгэнтээ Берлинд трамвайгаар ихээ бодол болчихсон явж байтал нь мөнгө хураагч хажууд нь ирэхэд тасалбарын үнийг эрдэмтэн дутуу өгчихөж. Нэхсэн чинь халаасаа ухаж ухаж мөнгийг гүйцээж өгөхөд нь нөгөө кондуктор “Арифметик сайн үзэж бай” гэсэн аж. Гэтэл Эйнштейн 15 настайдаа дифференциал болон интеграл тоолол эзэмшчихсэн байжээ. 17 насандаа Швейцарын Техникийн их сургуульд орохоор шалгалт өгөхдөө математикаас бусдад нь унасан гэх баримт байдаг.
Эйнштейн оймс огт өмсдөггүй, баяр ёслолын арга хэмжээнд ч гутлаа нүцгэн хөлөндөө углаад очдог байж. Яагаад ингэдгээ хэнд ч тайлбарлаж байсангүй. Хэн ч асуудаггүй ч байсан биз.
Хүүхэд байхаасаа шинжлэх ухаанд татагдсан байна. Таван настайдаа ямар нэг өвчин тусаж, эцэг нь хүүгээ тайтгаруулах гэж луужин аваад өгчихөж. Түүний зүү ямар ч тохиолдолд нэг зүг рүү заагаад байгаа нь хүүгийн сонирхлыг ихэд татаж, үүнд ямар нэг хүч үйлчлээд байна гэж таамаглав. Дэлхийд нэртэй эрдэмтэн болсон хойноо ч энэ явдлыг хүмүүст ярьдаг байж.
Анх 1910 онд Эйнштейний нэрийг Нобелийн шагналд дэвшүүлжээ. Бүтээл нь Харьцангуйн онол байв. Гэтэл шагнал эрхлэх хороо нотолгоог нь хангалттай гэж үзсэнгүй. Цаашдаа 1911, 1915-аас бусад онд уг шагналд нэр дэвшүүлсэн ч 1922 оны арваннэгдүгээр сард л түүнийг хүртээжээ. Тэгэхдээ фото эффектийн онолд нь шагнал олгох тухай шийдвэрт, “... болон онолын физикийн салбарын бусад бүтээлд нь” гэж бичсэн байв.
Эйнштейн цагаан хоолтон байсан гэх бодол түгээмэл байсан. Тийм биш аж. Ийм хүнстэй байхыг дэмждэг байсан ч нас барахаасаа нэг жилийн өмнөөс л мах хэрэглэхээ больсон юм гэнэ лээ. 1903 онд өөрөөсөө дөрөв эгч Милева Маричтай суужээ. Гэр бүл болохоос нэг жилийн өмнө тэдний дундаас охин төрсөн ч Милевагийн хүүхэдгүй, чинээлэг ах, дүү нарт өгөхөөр шийдсэн нь хөрөнгө чинээний байдалтай нь холбоотой байв. Тэгэхдээ энэ явдлыг эрдэмтэн нууцалдаг байж. Тиймээс энэ охины тухай тодорхой мэдээлэл байдаггүй. Зарим хүн түүнийг бага насандаа өөд болсон гэж таамагладаг байжээ.
Эрдэм судлалын ажил нь амжилт олохын хэрээр Эйнштейн ийш тийш явах нь их байсан нь Милева тэр хоёрын харилцаанд нөлөөлж, салдгийн даваан дээр очсон ч хувцас, өрөөг нь (ялангуяа бичгийн ширээг) цэвэрлэж, хоол цайг байнга өрөөнд нь оруулж ирж байх, эр, эмийн харилцаанаас бүрэн татгалзах, шаардсан цагт нь яриагаа зогсоох, эхний хүсэлтээр нь өрөөнөөс гарах гэсэн шаардлагыг биелүүлээд цаашид хамт амьдарч байхыг Эйнштейн гэргийгээсээ хүсжээ. Ямар ч эмэгтэй хүний хувьд доромжлол гэж үзэж болох энэ хүсэлтийг гэргий нь зөвшөөрч, тэд хэсэг хугацаанд хамт амьдрав. Нөхөр нь өөр хүүхнүүдтэй орооцолдоод байгааг нь Милева тэвчилгүй 16 жил хамт амьдраад салав. Анхны хүүхэнтэйгээ суухаас хоёр жилийн өмнө түүндээ “Би дурлал, хүсэл хоёртоо шатах нь, үхэх нь, ухаанаа алдах нь. Чиний дэрлэж унтсан жинтүү миний зүрхнээс зуу дахин азтай юм. Чи шөнө над дээр ирдэг, харамсалтай нь зүүдэнд...” гэж бичиж байжээ. Гэвч дараа нь Достоевскийн бичсэнээр “Хайраас үзэн ядалт хүртэл ганц алхам” гээч болсон аж.
Нобелийн шагналаа аваад бүгдийг (мөнгө) нь Милевад өгнө гэж салахынхаа өмнө Эйнштейн амласан ч биелүүлсэнгүй, харин түүнээс хувь хүртэж байхыг зөвшөөрсөн байна. Ууган охиноос гадна тэд хоёр хүүтэй болсон бөгөөд бага хүү Эдуард нь их авьяаслаг нэгэн байжээ. Гэвч оюутан байхдаа мэдрэлийн хүчтэй цочролд орсноос яваандаа солио өвчтэй болсон байна. Энэ хүү 21 настайдаа эмнэлэгт хэвтээд, ихэнх насаа тэнд өнгөрөөж 55-тайдаа нас баржээ. Хүн болж төрсөндөө харамсаж бичсэн захидал нь хожим олдсон байна.
Том хүү Ганстайгаа Эйнштейн маш муу харилцаатай байв. Энэ нь амласнаараа Нобелийн шагналын мөнгөнөөсөө эхнэртээ өгөөгүйтэй холбоотой гэж намтар бичигчид үзсэн байдаг. Эцэг нь маш бага хөрөнгө өв болгож үлдээсэн ч Эйнштейний удмын ганц залгамжлагч нь Ганс байсан юм. Салснаасаа хойш Милевагийн сэтгэл удаан хугацаагаар гутарч, олон янзын эмчид үзүүлж, эмчлүүлж байв. Эйнштейн насан туршдаа өөрийгөө түүний өмнө буруутай гэж үзэж байжээ.
Сонирхуулахад, агуу эрдэмтэн маань ихээхэн хүүхэмсэг эр байсан юм санж. Анхны эхнэрээсээ салаад тэр дороо эхийн талын үеэл Эльзатай суужээ. Тэглээ ч уулзаж учирдаг олон хүүхэн байсан, үүнийг нь Эльза ч мэддэг байж. Тэгээд тэд энэ талаар нууж хаах юм үгүй ярьдаг байсан гэдэг. Эльзагийн хувьд дэлхийд алдар нэртэй эрдэмтний ёсолж авсан гэргий байгаадаа л сэтгэл хангалуун байсан бололтой. Эйнштейний хоёр дахь эхнэр нь бас хүнтэй сууж байсан, хоёр охинтой, эрдэмтэн нөхрөөсөө гурав эгч эмэгтэй байв. Тэдний дундаас хүүхэд гараагүй ч Эльзаг 1936 онд нас бартал нь хамт амьдарчээ. Эхлээд Эйнштейн өөрөөсөө 18 насаар дүү, Эльзагийн охинтой суух бодолтой байсан ч тэр нь зөвшөөрөөгүй тул ээжтэй нь суужээ.
Эйнштейн физикийн сэдвээр эрдэм шинжилгээний 300 орчим бүтээл, мэдлэгийн олон салбараар 150 шахам ном, өгүүлэл бичсэн аж. Нэг удаа эрс үзэлтнүүд сургуулийнх нь захирлыг хэд хэдэн профессортой барьцаалахад Эйнштейн нэг нөхрийн хамт үймээн дэгдээгчид дээр очиж уулзаад, тэдэнтэй хэл амаа ололцож чаджээ.
Алдар цуутай хүмүүсийн ажил, амьдралд тухайн орны иргэд төдийгүй хүн төрөлхтөн анхаарлаа хандуулж байдаг хойно тэдэнд тохиолдсон үйл явдлыг их мэддэг. Эйнштейн яах аргагүй ийм хүмүүсийн нэг байв. Тэрбээр нэгэн үдэшлэгт оролцож байтал хийл хөгжим тоглодгийг нь мэдэх хүмүүс тэнд ирээд байсан хөгжмийн зохиолч Ганс Эйслертей хамт тоглож өгөхийг хүсжээ. Гэтэл Эйнштейн хөгжмийн зохиолчтой нэгэн хэмнэлд орж яагаад ч чадсангүй. Эйслер төгөлдөр хуурынхаа араас босоод “гурав хүртэл тоолж чаддаггүй хүнийг дэлхий дахин агуу гээд байгааг ойлгохгүй юм” гэж хэлсэн аж.
Альберт Эйнштейн нэгэнтээ Григорий Пятигорскийтэй хандивын тоглолтод оролцжээ. Үзэгчдийн танхимд байсан сэтгүүлч Эйнштейн рүү заан “Хийл тоглож байгаа сахалтай хүн хэн бэ” хэмээн нэг эмэгтэйгээс асуувал “Та чинь юу гэж байгаа юм бэ, агуу Эйнштейн биеэрээ байхад чинь” гэв. Маргааш нь “Ур чадвараараа Пятигорскийг дагуулахгүй гайхалтай хийлчин, хөгжмийн зохиолч Эйнштейн гэдэг хүн уг концерт дээр тоглов” гээд сонинд биччихсэн байв гэнэ.
Нэг залуу сэтгүүлч их эрдэмтэнтэй уулзаад “Толгойдоо орж ирсэн гайхалтай санаануудаа юун дээр тэмдэглэдэг вэ” гэж асуусанд “Залуу минь гайхалтай санаанууд орж ирэх нь ховор болохоор түүнийг ой ухаандаа хадгалахад тийм ч төвөгтэй биш” хэмээн хариулжээ.
Аугаа нөхрийнхөө талаар юу бодож явдгаа хэлээч хэмээн Эйнштейний гэргийгээс сэтгүүлч асуухад “Миний нөхөр ёстой жинхэнэ суу билэгтэн, тэр мөнгөнөөс бусад бүх юмыг хийж чадна” хэмээн дуу алдсан гэдэг.