НИЙГЭМ
Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулах, Экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчдийг бүртгэж эхэлсэн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ. Эл үзэсгэлэн худалдаа ирэх сарын 25-28-нд Сүхбаатарын талбайд болох аж. Үүнд оролцсоноор дээрх чуулга уулзалтын төлөөлөгчдөд өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулж, тэдэнд болон олон нийтэд борлуулах, хамтарч ажиллах боломж эрэлхийлэх, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй төслөө танилцуулах боломжтой аж. Мөн бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудлаа танилцуулж, шийдвэрлэх боломжийг судлуулах зэрэг боломж бий гэнэ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод тавигдах шаардлага нь бүтээгдэхүүнээ экспортолдог, эсвэл экспортод чиглэсэн бараа үйлдвэрлэдэг, танилцуулгаа англи хэл дээр бэлтгэх зэрэг аж. Жижиг, дунд үйлдвэрийн газраас зөвхөн шаардлага хангасан, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй холбогдож үзэсгэлэнд оролцох мэдээлэл хүргэх юм байна.
Бэлтгэсэн: Б.Сонор