Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдад зориулан Сайншандад 550 айлын орон сууц барих юм. Үүнээс 40 айлынхыг нь ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнийг ашиглан, эрчим хүчний хэрэгцээгээ хангах зорилт тавьсан. Тэгвэл 35 МВт-ын хүчин чадалтай, шингэн түлшээр ажиллах ДЦС-ынх ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яам, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс дэмжсэнийг мэдээллээ. ДЦС-ын уурын турбин генераторыг ХБНГУ-ын “Siemens”, зуухыг нь “ThyssenKrupp” компанид үйлдвэрлэж байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламжийн онцлог, инженерчлэлийн ажлын хугацаа зэргийг харгалзан бүтээн байгуулалтыг нь дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Тухайлбал, эхний багц ажил буюу технологийн бус барилга байгууламжуудыг энэ оны гуравдугаар улиралд барьж дуусгах юм. Мөн атмосфер, вакум нэрлэгийн болон ханасан хий ялгах үндсэн технологийн байгууламжууд, 49 резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэргийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэх аж. Ташрамд дурдахад, дээрх үйлдвэрийг 2025-2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.