Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс цэргийн алба хаагч, сонсогч, суралцагчдыг номтой нөхөрлүүлэх, дэлхийн болон Монголын шилдэг зохиолууд, монгол цэргийн түүх, цэргийн алдарт жанжингуудын намтар, гавьяат үйлсийг таниулан сурталчлах зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Төв номын санд ном хандивлах үйл ажиллагаа өчигдөр боллоо. Тус клубийн гишүүд болох алтан мөрдэст генералуудын гэргий нар номын сангаасаа сорчлон 9 төрлийн 260 гаруй номыг цуглуулан Дотоод хэргийн их сургуулийн номын санд хандивлаж, номын фондыг баяжуулах ариун үйлсэд хувь нэмрээ оруулав.
Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт, үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Захиргааны удирдлагын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, багш, албан хаагч, сонсогч, суралцагчид болон Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэн, гишүүн хурандаа Ж.Бумнанжид, хурандаа Ч.Батчулуун, хурандаа Ч.Өнөрцэцэг, хурандаа Ч.Дашням, “Генералуудын гэргий” клубийн тэргүүн С.Алтанцэцэг, гишүүн Ө.Жавзандулам, Г.Алтантуул нар оролцлоо.
Энэ үеэр Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэн: “Манай холбоо нь үүсэн байгуулагдаад 4 жилийн нүүр үзэж байна. Тус хугацаанд 600 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, нийгэмд танигдсан үндэсний хэмжээний байгууллага болоод байна. Монгол цэргийн нэгдсэн холбооноос хэрэгжүүлж байгаа олон ажлын нэг нь “Номтой нөхөрлөе” аян юм. Ном бол ертөнцийг харах цонх гэлцдэг. Хорвоо ертөнцийг танин мэдэж, мэдлэг оюунаа тэлэх оюун ухааны тэжээл болсон номыг Монголын ирээдүйг тээж явах залуустаа оюуны хөрөнгө оруулалт болгон барьж байна” хэмээн ярилаа.
“Генералуудын гэргий” клубийн тэргүүн С.Алтанцэцэг: Манай клуб нь генералуудын гэргий нарын санаачилгаар хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, эх орноороо бахархах, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, Монгол генералуудын гавьяа зүтгэлийг алдаршуулан сурталчлах, мөрдэстэй бүсгүйчүүдэд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах зорилгоор саяхан байгуулагдсан. Манай клубийн анхны ажил эрдмийн уурхай болсон энэ сайхан өргөөнд оюуны талх болсон ном хандивлах үйл ажиллагаагаар эхэлж байгаад баяртай байна” гэв.
Ном хандивлах үйл ажиллагааны дараа Монгол цэргийн нэгдсэн холбоо, “Генералуудын гэргий” клубийн гишүүд Дотоод хэргийн их сургуулийн сургалтын орчинтой танилцлаа.
Манай Их сургуулийн номын фондыг арвижуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубийн гишүүддээ талархал илэрхийлж, амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт хүсье.