Зах зээлд оролцогчид АНУ-ын инфляцын түвшнийг танилцуулахыг хүлээж буй энэ үед алтны ханш өссөн тухай “Reuters” дамжуулав. Эл үзүүлэлтийг тус улсын Төвбанк бодлогын хүүгээ ирэх сард нэмэх, эсвэл хэвээр үлдээх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх юм. АНУ өрийн таазтай холбоотой асуудлаа хэрхэн шийдэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг мөн татаж байгааг мэргэжилтнүүд дурджээ. Тус орны өрийн тааз 31.4 их наяд ам.долларт хүрээд байгаа гэнэ. Улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа зэрэг нь хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгсэлд тооцогддог алтны ханшид ойрын хугацаанд нөлөөлөх аж. Өчигдрийн байдлаар унци алтны ханш 2030 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн баасан гаргийнхтай харьцуулахад 1.45 хувьбуюу 30 “ногоон”-оор дээшилсэн үзүүлэлт юм.
Бэлтгэсэн: Б.Сонор