Манай улсын энэ оны эхний дөрвөн сарын гадаад худалдааны бараа эргэлт 7.7 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 50.4 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 5.1 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд борлуулж, 2.6 тэрбумаар үнэлэх бүтээгдэхүүн худалдан авч, экспортын орлого импортын дүнгээс 2.4 тэрбумаар давжээ. Экспортын орлогын 88.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 4.1-ийг нь үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, хоёр хувийг нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтаас бүрдүүлсэн байна. Мөн малын мах, дайвар бүтээгдэхүүний нийлүүлэлт 2022 оны эхний дөрвөн сарынхтай харьцуулахад 27.9 дахин өссөн бол угаасан ноолуурын борлуулалт 86.8 хувиар буурсныг ГЕГ-ын тайланд дурджээ. Харин импортод зарцуулсан хөрөнгийн 21.1 хувиар нефтийн бүтээгдэхүүн, 12.5-аар нь суудлын болон ачааны автомашин, 2.4-өөр нь эрчим хүч худалдан авчээ. Түүнчлэн ачааны, суудлын автомашины импорт дээрх хугацаанд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12, гол нэрийн хүнс болох цагаан будаа, өндөг, ургамлын тос, элсэн чихрийнх 10.6-47.7 хувиар буурсан аж.