Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх жилийн мөн үеэс 11.3, 2022 оны эцсээс 4.7, өнгөрсөн сарынхаасаа 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Инфляц өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17, согтууруулах ундаа, тамхиных 8.1, хувцас, бөс бараа, гутлынх 13.2, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшнийх 6.7 хувиар дээшилсэн нь голлон нөлөөлжээ. Мөн гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 13, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 6.7, тээврийнх дөрөв, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийнх 24 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Инфляцын түвшин ийнхүү 11.3 хувь гарсны 4.7 (41.6 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг агаад тэдгээрийн 221 нь импортынх байгаа нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор