Дэлхийн оюуны спортын холбооноос Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотод энэ сарын 7-9-нд зохион байгуулсан “WISF-Antalya 2023” олон улсын тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид нийлбэр оноогоор тэргүүлж, цомын эзэн болжээ. Цээж бодолт, рубик шоо, үсэглэлийн аварга гэсэн үндсэн гурван төрөлд дөрвөн орны 8-12 насны 100 гаруй оролцогчийг өрсөлдүүлсэн тус тэмцээнээс манай тамирчид 12 медаль хүртсэн байна. Төрөл, насны ангилалдаа эхний байруудыг дараалан эзэлсэн тохиолдол цөөнгүй гэнэ. Тодруулбал, цээж бодолтын наймаас доош насны ангилалд С.Чингим, Б.Гарьд, Ө.Амин-Эрдэнэ нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж, Б.Тэмүүлэн тусгай байр эзэлжээ. 9-10 насны дээд болон суурь, 11-ээс дээш насны дээд түвшинд мөн Э.Мөнхбаатар, Т.Манлай, М.Буянжаргал нар тэргүүлсэн аж. Харин “Spelling bee” буюу англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах төрөлд “Язгуур” бага сургуулийн Т.Манлай, А.Одбилиг, Д.Чингүүн нар эхний гурван байрыг эзэлсэн бол рубик шооны тэмцээнд О.Түвшин, Б.Гарьд мөнгө, хүрэл медаль авчээ.
Энэ нь Монголын оюун ухааны академийн тамирчид багаараа оролцсон 63 дахь тэмцээн нь аж. Тэд олон улсын тэмцээнээс нийт 117 цом, 1208 медаль хүртээд байна.