Засгийн газраас “Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс нээлттэй мэдээллийн shilen.gov.mn цахим хуудас ажиллуулж буй. Засгийн газрын 25 тусгай сангаас Нийгмийн халамжийн, Хүүхдийн төлөө, Улсын авто замын болон Соёл урлагийг дэмжих зэрэг долоогийнх нь мэдээллийг бүрэн байршуулсныг өчигдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэв.
Тухайлбал, Хүүхдийн төлөө сан 2021-2023 онд 11 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Эдгээрийг хандив, тусламж, тээврийн хэрэгслийн улсын дугаар борлуулсны болон хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын тоглолтын орлого, бусад гэсэн дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлсэн байна. Үүнээс дийлэнхийг нь тээврийн хэрэгслийн улсын дугаар борлуулсны орлого эзэлдэг аж. Тодруулбал, 2021 онд 3.4, 2022 онд 4.3, 2023 онд 1.1 буюу бараг есөн тэрбум төгрөг төвлөрүүлсэн ч хүүхдэд зарцуулсан нь тун хангалтгүй байгааг сайд Н.Учрал онцоллоо. Учир нь тус сангаас 106.7 сая төгрөгийг 45 хүүхдэд зарцуулжээ. Мөн Соёл урлагийг дэмжих сангийн өнгөрсөн хоёр жилийн 2.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээллийг байршуулсан байна. Энэ санхүүжилтийг авсан 15 иргэн, 58 хуулийн этгээдийг эцсийн өмчлөгчтэй нь ил тод болгожээ.
Түүнчлэн төрийн 49 байгууллагын ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг, цалинтай нь мэдээлснээс гадна бүх тусгай зөвшөөрлийг ил болгов. Өөрөөр хэлбэл, нийт 16 942 тусгай зөвшөөрлийг хэн, ямар ажахуйн нэгж эзэмшиж буйтай танилцах боломж бүрдлээ. Энэ үеэр тэрбээр төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдлын үнэлгээгээр Сангийн болон Зам, тээврийн хөгжлийн яам тэргүүлж байгааг дурдсан юм. Эл үнэлгээний дундаж үзүүлэлт яамдын хувьд 94 хувьтай байгаа бол агентлагуудынх 65.4 хувьтай гэнэ. Цаашлаад нутгийн захиргааны байгууллагуудынх 54 хувьтай байгаа бөгөөд Орхон, Хэнтий аймаг 90-ийг давжээ. Архангай аймаг сүүл мушгиж буй гэнэ. Дүүргүүдийн дундаж 58 хувьтай, Багахангай, Сүхбаатар хамгийн сүүлд орсон бол Баянгол тэргүүлжээ.