Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд нэг сая 125 мянган хүн ажиллаж байгаагийн 22 хувь нь төрийн алба, 74 хувь нь хувийн хэвшилд бий. Энэ үзүүлэлтээр манай дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс хамааралтай гэсэн үг. Иймд зохистой харьцаа бий болгохын тулд хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажлыг төрөөс холдуулах, цалингийн нэгдсэн сүлжээг нь үр дүн, гүйцэтгэлд суурилан шинэчлэх, урамшууллыг нь оновчтой болгох зэрэг бодлого баримталж буйг Ерөнхий сайд ярив. Сайд Х.Булгантуяа цалин хөлсний бүтцийг шинэчлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд төрийн албаны ялгаатай 222 цалинг 53 болгож бууруулсан, ажилласан жил бүрийг нэг хувиар тооцож нэмэгдэл олгон, орон нутгийнхыг 20-100 хувьд хүргээд байгааг хэллээ. Засгийн газар 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлж26.2 мянган иргэнийг ажлын байранд зуучилсан бол энэ онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.
Хүний нөөцийн салбарынхан Монгол төдийгүй дэлхий дахинд ажиллах хүчний хомсдол үүсээд буй тул алсыг харсан тогтвортой, цогц бодлого баримталж, төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатайг хэлж байлаа. Цалин хөлсийг нэмэх зүй ёсны шаардлага байгаа ч тэр нь бүтээмжид суурилсан, зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх, тэдний чадвар, хандлага, төлөвшилд анхаарах хэрэгтэйг онцолсон юм. “Онч аудит” ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн “Цалин нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэг нь дарамт болж байгаа. Мөн гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхэд төлбөр нь өндөр” гэсэн бол “HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай “Чадварлаг боловсон хүчнээс илүүтэй зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөрт тусгах шаардлагатай” хэмээв. Мөн “Макс” группийн хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав “Ажлын байранд чадвартай, дадлага, туршлагатай туслах ажилтан дутагдаж буй.
МСҮТ-ийг төгсөгчдийн ур чадварыг сайжруулмаар байна” гээд ажлын байр олноор бий болгосон баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжихийг хүслээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацын зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Төрийн албан хаагчдын болон цалингийн доод хэмжээг нэмэхийг нийгмийн баялгийн тэгш хуваарилах бодлого талаас нь дэмжиж байна. Гэхдээ хувийн хэвшилд ирэх сөрөг үр дагаврыг нь бууруулъя гэвэл үүнийг бүтээмжтэй нь уях ёстой. Аж ахуйн нэгжүүдэд цалин нэмэхэд тулгардаг гол асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл” хэмээсэн бол “Хүний нөөцийн менежер” холбооны тэргүүн Т.Цэцэгмаа “Хөдөлмөрийн зах зээлд залуу ажиллах хүчний хомсдол үүссэн. Цаашид ч үргэлжлэхээр байна” гээд төрөөс бодлогын зохицуулалт хийх хэрэгтэйг онцолсон. “Витафит” группийн хүний нөөцийн захирал А.Дэлгэрмөнх “10 жилийн өмнө Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлж, ур чадвартай, өндөр боловсролтой, туршлагатай хүний эрэлд гарч байсан нь өнөөдөр ч хэвээрээ. Ялангуяа инженер, техникийн мэргэжилтэн ховор байна. Хүнсний салбарт гэхэд энэ жил механик болон тоног төхөөрөмжийн инженерээр төгсөгч байхгүй. Сүүлийн дөрвөн жилд сантехникийн инженерээр төгсөөгүй байх жишээтэй” гэж байлаа. Уулзалтын үеэр гарсан саналуудыг нэгтгэн судалж, хамтран ажиллахаар болов.
Бэлтгэсэн: У.Наран