Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын үед буюу энэ сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Засгийн газрын тэргүүний өмнөд хөршид айлчлахтай холбоотой ажил нэлээд эртнээс эхэлсэн бөгөөд тус улсын Элчин сайд Цай Вэньруй “Монгол Улсын Ерөнхий сайдын манай улсад хийх айлчлалыг Хятадын тал чухалчилж, ач холбогдол өгсөөр ирсэн. Тохиромжтой цагт айлчлал хийхийг хоёр тал нотолж байгаа” хэмээн өнгөрсөн гуравдугаар сард хэлж байв. Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын эхээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар тус улсад айлчлах үеэр хоёр тал дээрх айлчлалыг ойрын хугацаанд хийхээр тохиролцжээ.
Сануулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өмнөд хөршид төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж байв. Сайд Б.Батцэцэг сая ажлын айлчлал хийхдээ Төрийн тэргүүн нарын хийсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаар тогтсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтэд оролцсон билээ. Ингэхдээ тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Бэлтгэсэн: Б.Уран