Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс жил бүр монгол хэл, бичгийн шалгалт авдаг. Энэ удаагийн шалгалтыг өнгөрсөн сарын 22-нд орон даяар зохион байгуулсан бөгөөд оролцогчдын дүнг өнгөрсөн баасан гарагт гаргажээ. Уг шалгалтад оролцохоор 32 513 төгсөгч цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс 30 879 нь шалгалт өгсөн бөгөөд дөнгөж 36 нь хамгийн өндөр буюу 800 оноо авчээ. Харин шалгуулагчдын 15.7 хувь буюу 4856 нь босго 400 оноонд хүрч чадаагүй аж. Монгол хэл, бичгийн шалгалт нь их, дээд сургуульд элсэх босго болдог. Өөрөөр хэлбэл, 400-гаас дээш оноо авч чадаагүй төгсөгчид ирэх намар их, дээд сургуульд элсэх боломжгүй. Тиймээс ирэх өвөл дахин зохион байгуулах монгол хэл, бичгийн шалгалтад оролцож, хангалттай оноо авснаар их, дээд сургуульд элсэх эрх нь нээгдэнэ. Гэхдээ тэд ирэх зургадугаар сард зохион байгуулах элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож болох нь. Уг шалгалтын дүн 2.5 жилийн хугацаанд хүчинтэй учраас энэ хавар өгөөд, ирэх өвөл арванхоёрдугаар сард юм уу, дараа жил их, дээд сургуульд элсэхдээ ашиглах боломжтой.
Бэлтгэсэн: М.Оч