Засгийн газраас энэ оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлуудын нэг бол Биеийн тамир, спортын улсын хороо, ОХУ-ын уран гулгалтын холбоотой хамтран “Степпе арена”-д өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан “Уран гулгалтын одод Монголд” шоу тоглолт. Дэлхийд танигдсан уран гулгагчид уг шоу тоглолтод оролцож, мөсөн талбайд бүжгийн уран хөдөлгөөнүүдийг техниктэй хослуулан үзүүлж, спорт, урлагийн гайхамшгийг харууллаа. Тэд олон улсын тэмцээнд тэргүүлсэн шилдэг үзүүлбэрүүдээсээ толилуулсан нь гайхалтай байв. Монголчууд “Мөсөн өргөө”-тэй болсноор ийнхүү олимп, дэлхийн аваргуудын ур чадвар, эрч хүч, гоо сайхан, уянгалаг, бахдам, сэтгэл хөдөлгөм агшныг дэргэдээс нь харах боломж олдсон билээ.
Монголын уран гулгагч О.Мишээлийн үзүүлбэрээр эхэлсэн шоу тоглолт хоёр хэсэгтэй. ОХУ-ын уран гулгагчдаас хамгийн залуу нь 15 настай Аделия Петросян. Өнгөрсөн жил нутагтаа болсон тэмцээнд хүрэл медаль хүртэж, гран при тэмцээний аваргаар шалгарсан тэрбээр нөхдөөсөө түрүүлж, мөсөн талбайд үзүүлбэрээ толилуулан, монголчуудтай мэндэлсэн. Тэрбээр одоогоор ганцаарчилсан төрөлд гулгаж байгаа. Түүний дараа Камила Валиева (“Бээжин-2022” өвлийн олимпын багийн төрлийн аварга, Европын аварга), Елизавета Туктамышева(ДАШТ, Европын АШТ-ий аварга), Аделия Петросян (Залуучуудын гран при цуврал тэмцээний аварга), Софья Акатьева (Бүх Оросын УАШТ-ий аварга), мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийнтамирчдаасЕвгений Семененко (Бүх Оросын УАШТ-ий аварга), Дмитрий Алиев(Европын аварга), Марк Кондратюк (Европын аварга), Петр Гуменник (Бүх Оросын УАШТ-ий мөнгөн медальт) нар үзэгчидтэй “танилцсан” юм.
Тэгвэл хос гулгагчдаас Анастасия Мишина (Өвлийн олимпын багийн төрлийн аварга), Александр Галлямов(Өвлийн олимпын хосын төрлийн мөнгөн медальт, дэлхийн аварга), Евгения Тарасова (Европын АШТ-ий хошой алт), Владимир Морозов(Өвлийн олимпын мөнгөн медальт), Александра Бойкова (Европын аварга, Бүх Оросын УАШТ-ий аварга), Дмитрий Козловский (Европын аварга, Бүх Оросын УАШТ-ий аварга), бүжгийн төрөлд Виктория Синицина (Өвлийн олимпын багийн төрлийн аварга), Никита Кацалапов(Өвлийн олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий алт, Европын аварга) нар шоуг үргэлжлүүлсэн юм. Тэднээс Камила Валиева “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцохдоо дэлхийн үзэгчдийн хайрыг татсан шиг монголчуудын хүндлэлийг ч бас хүлээсэн. Тэрбээр хөрш орны хөгжөөн дэмжигчдэд “нэрийн хуудас” үзүүлбэрээрээ бэлэг барьсандаа сэтгэл хангалуун байгаа нь анзаарагдсан. Түүнийг мөсөн талбайд гарах бүрт үзэгчид алга ташиж, дуртай чихмэлийг нь, цэцгийн хамт бэлэглэж байв. Эхний хэсгээс хамгийн сонирхол татсан үзүүлбэр нь Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн “Амьдрал” дууны аялгуунд бүжиглэсэн хос гулгагч Анастасия Мишина, Александр Галлямовнарын толилуулсан үзүүлбэрт мэндчилгээ байлаа. Тэдний мэндчилгээ олныг уярааж, догдолсон сэтгэлийг нь хөгжөөж баясгасан.
Хоёрдугаар хэсгийн шоу тоглолтыг Софья Акатьева эхлүүлсэн юм. Энэ удаа ганцаарчилсан төрөлд оролцдог эмэгтэй уран гулгагчид улсынхаа уран бүтээлчдийн хөгжмийн аялгуунд үзүүлбэрээ толилуулсан. ДАШТ, Европын АШТ-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлддөг уран гулгагчдаас “Бээжин-2022” өвлийн олимпын багийн төрлийн аварга, 2022 оны Европын аварга Марк Кондратюк УДЭТ-ын жүжигчин “Драмын дөрөв” хэмээгддэг Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын дуулсан “Чингис хаан” дууны аялгуунд үзүүлбэрээ толилуулсан. Тэрбээр монголчуудын үндэсний хувцастай мөсөн талбайд гарсан юм. ОХУ-ын уран гулгалтын оддыг харж, мөсөн дээрх гайхамшигт үзүүлбэртэй танилцсан хөгжөөн дэмжигчид олимп, дэлхий, тивийн аваргуудын Монголд толилуулсан түүхэн тоглолтынх нь анхны үзэгч байв. Сонирхуулахад, хойд хөршийн тамирчид мөн уран гулгалтаар хичээллэж буй монгол хүүхдүүдэд мастер класс хичээл заасан юм.