УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло манай улсад айлчилж байна. Парламентын дарга нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Энэ үеэр УИХ-ын дарга “Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь талуудын харилцааг өргөжүүлэх, харилцан ашиг сонирхол бүхий салбарт хамтын ажиллагааг баяжуулах, түүнийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой” гээд Тамгын газрын ажилтнуудыг солилцож, туршлага хуваалцах чиглэлд хамтран ажиллахыг хүсэв. Мөн УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгааны хүрээлэн болон Үндэсний ассамблейн Мэдээллийн үйлчилгээний төв хооронд шууд харилцаа тогтоох, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх чиглэлээр тохирсон арга хэмжээг бодит үр дүнд хүргэхэд анхаарал хандуулан ажиллах талаар онцлов. Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглээд, оюутан солилцооны хөтөлбөрүүдийн хамрах хүрээг тэлэхэд анхаарна гэлээ. Түүнчлэн УИХ-ын даргын санал, санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжихээ тэмдэглэв. Хэлэлцээний үр дүнд хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчин, геологи, хөдөө аж ахуй, мал аж ахуй, агаарын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлод бараалхсан юм.
Бэлтгэсэн: Б.Уран