Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо (МХҮХ)-ны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ) тусгай зориулалтын сургалтын байртай болж, өнгөрсөн сард ашиглалтад оруулсан билээ. Хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэгчдийн улсын үйлдвэрээс МСҮТ-д өгсөн нэгдүгээр давхрын өрөөнүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр засаж тохижуулснаар хичээлийн байртай болсон аж. Өмнө нь МСҮТ нь холбооныхоо байранд хичээллэж байв. Тэгвэл өдгөө зэргэлдээх үйлдвэрийн байранд бууриа сэлгээд буй гэнэ. Тус төв хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сурвалжиллаа.
Сургалтын шинэ байрны хонгилд(коридор) саруулхан, гэрэлтэй, тохилог дулаахан, чимээ шуугиан багатай аж. Хананд өлгөөтэй самбарт шинэ, хуучин байрыг харьцуулсан буюу барилгын засварын ажил эхэлсэн болон дууссан үеийн зургуудыг хаджээ. Өмнө нь энэ байрны шал, хана нь цөмөрсөн, цонх нь хагарсан, бараг л ашиглахын аргагүй байв. Харин өдгөө өрөөнүүдийг цэвэрхэн, тохилог болгосныг эдгээр зургаас төвөггүй ойлгохоор. Энд өмнө нь хараагүй хүмүүсийн Хөдөлмөр сургалт, үйлдвэрлэлийн төвийн эсгийний цех буюу ноосны үйлдвэр байсан бөгөөд олон жил ажиллаагүйгээс нэлээд засвар, үйлчилгээ шаардлагатай болсон аж. Тиймээс 320 амметр талбайтай энэ байрыг улсын төсвийн 250 сая төгрөгийн санхүүжилтээр засаж, хөрөнгө оруулсан нь маш том дэмжлэг болсныг сургалтын төвийн захирал Б.Ганзориг онцоллоо. Тэрбээр “Маш сайн компани засвар хийх ажилд сонгогдож, бүх зүйлийг, булан тохой бүрийг ч үлдээлгүй засаж өглөө. Сэтгэл гарган ажилласан “Хаан багана” компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье” гэсэн. Тэрбээр МХҮХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ МСҮТ-дөө ч багшилдаг юм билээ. Японд дорно дахины уламжлалт анагаах ухааны эмчээр суралцаж, 2006 онд төгссөн тэрбээр тус улсад хэсэг хугацаанд ажиллаж, амьдарч байгаад Монголдоо ирсний дараа эл сургалтын төвийг байгуулж, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан аж.
МХҮХ-ны МСҮТ 2015 оноос өнөөг хүртэл сургалтаа тасралтгүй явуулжээ. Хараагүй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой тус төвийг өнгөрсөн хугацаанд 350 гаруй суралцагч төгссөн байна. Өдгөө долоон мэргэжлээр харааны бэрхшээлтэй 70 гаруй оюутан сурч байгаа аж. Б.Ганзориг“Төгсөгчдийн 70 орчим хувь нь ажилтай болох боломжтой. Тухайлбал, массажист хамгийн эрэлттэй. Тэд төгсөөд 100 хувийн ажлын байранд гардаг. Олонх нь “Бест массаж”-ийн салбар төвүүдэд ажилладаг юм. МСҮТ-д улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэдийг нас харгалзахгүйгээр элсүүлж, эмчилгээний бариа засалч, алжаал тайлагч бариа засалч, морин хуурч, хөөмийч, бэлэг дурсгал урлаач, эстрадын дуулаач, мэдээллийн технологич, кофе бэлтгэгч зэрэг мэргэжил эзэмшүүлдэг. Нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу сул хараатай хүмүүст зориулан кофе бэлтгэгчийн анги саяхан шинээр нээсэн. Эстрадын дуулаачийн анги төгсөгчид хамтлаг байгуулсан. Ажлын байр дутагдалтай, хамгийн хүндрэлтэй нь гар урлалынх. Уг нь энэ чиглэлээр суралцах сонирхолтой хүн олон байдаг. Даанч ажлын байр хомс. Манай төвд мэргэжлийн багш тус бүр нэг бий” гэж танилцууллаа.
АНХ УДАА НОМЫН САНТАЙ БОЛЖЭЭ
Шинэ байртай болсноор тус МСҮТ номын сан ажиллуулах нөхцөл бүрджээ. Ингэснээр анх удаа номын сантай болсныг суралцагчид онцолж байлаа. Шинэхэн номын сан нь 30 хүнд үйлчлэх боломжтой. МХҮХ дэргэдээ хэвлэх үйлдвэртэй бөгөөд тэнд ярьдаг болон брайл үсгээр номууд хэвлэдэг аж. Уг үйлдвэрт хэвлүүлсэн номуудаа номын сандаа тавьсан байлаа. МСҮТ-ийн нярав, аргазүйч Н.Анхбаяр номын сангаа давхар ажиллуулж буй гэнэ. Тэрбээр “Одоогоор номын сандаа МХҮХ-ны ширээ, сандлуудаас заримыг түр тавьж, үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна. Номын сандаа 15 ширээ, 30 сандал шинээр авах шаардлага бий” гэв. Үүнээс улбаалж МСҮТ-ийн санхүүжилтийн талаар тодруулахад тун хүнд гэдгийг ажилтнууд нь учирлалаа. Тус төвд төрөөс 70 оюутны хувьсах зардлын санхүүжилт олгодог. Үүнээс өөр ямар нэгэн дэмжлэг, санхүүжилт байдаггүй бөгөөд энэ нь багш нарынхаа цалинд ч хүрдэггүй аж. Тиймээс бусад урсгал зардал, сургалтын материал зэргийг МХҮХ-ныхон, МСҮТ-ийнхөн нөөц боломждоо тулгуурлан шийдэж, зохицуулдаг гэнэ.
КОМПЬЮТЕРЫГ ТОРОХГҮЙ АШИГЛАДАГ
Эмчилгээний бариа заслын ангиар ороход зургаан оюутан давтлага, бие даалтаа хийж байв. Бусад нь дадлагад гарсан аж. “Нэг ангид 10-15 суралцагчтай. Энэ ангиас л “Бест массаж”-ийн ажилчдыг бэлтгэдэг гэсэн үг. Манайх бариа заслын хоёр ангитай” гэж суралцагчид хэлэв. МСҮТ-ийн компьютерын буюу хүртээмжтэй технологийн ангиар ороход найман суралцагч байлаа. Тэд тус тусын компьютерын ард сууж байв. Багш Б.Адьяасүрэнгээс заах арга барил, төгсөгчдөд ажлын байр хэр олддог зэргийг асуухад “50 буюу түүнээс дээш хувиар харааны чадвараа алдсан хүмүүс манайд суралцдаг. Бид тэдэнд компьютерын хичээлийг анхан шатнаас дунд шат хүртэл заадаг юм. Ингэхдээ харааны бэрхшээлтэй хүмүүсийн ашигладаг дэлгэц унших программын тусламжтайгаар хичээл заадаг. Энэ нь компьютер дэх текст мэдээллийг аудио хэлбэрт шилжүүлэн, суралцагчдад сонсгодог программ. Үүний тусламжтайгаар харааны бэрхшээлтэй иргэд компьютерын хэрэглээний программыг чөлөөтэй ашиглаж, интернэт орчинд ажиллах боломжтой. Тиймээс хичээлийн явцад компьютерын хэрэглээтэй холбоотой англи үг хэллэгүүдийг цээжлүүлж, гар ашиглаж сурахад нь тусалдаг. Хичээлийн хөтөлбөрөө бид тогтмол шинэчлэн сайжруулж байна. Олон улсын хөтөлбөртэй ижил түвшинд гэж тодотгосон ч болно. Манай суралцагчид компьютерын засвар, үйлчилгээ хийх хичээлийг ч судалдаг. Ажлын байрны тухайд хэд хэдэн төгсөгч өдгөө төрийн байгууллагад ажиллаж байна. Тухайлбал, манай суралцагч Гансүрэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт төрийн албан хаагчаар ажилладаг. Мөн “Е-Mongolia”, Соёлын яам, “Ард” санхүүгийн нэгдэл зэрэг байгууллагад ажиллаж буй хүнч бий. Манай төгсөгчид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой” гэв.
Уг ангид суралцаж буй оюутан З.Золзаяатай уулзахад “Би 23 настай. 2021 оны хичээлийн жилд аравдугаар ангиа төгсөөд энэ төвд элссэн. Сургалтын төв шинэ байранд орсноор илүү тохитой байна. Суралцахад хүндрэлтэй зүйл байдаггүй. Миний хувьд суралцахын зэрэгцээ ажиллаад эхэлсэн. Манай сургалтын төвийн дэргэд “Сall center” гэдэг нэртэй төв байгуулагдсан юм. Уг төв нь “Ард кредит” санхүүгийн нэгдэлтэй гэрээ байгуулан хэд хэдэн төгсөгчийг цалинжуулан ажиллуулдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Сайн ажиллавал цалин нэмэгдэх боломжтой. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй гэхээр заавал халамж харж амьдрах нь утгагүй. Хөдөлмөрийн зах зээлд ажиллах боломж бий. Манай улсад харааны бэрхшээлтэй хүн олон. Тэдний олонх нь ийм сургууль байдгийг мэддэггүй. Энэ талын мэдээлэл ч дутмаг байдаг. Тиймээс мэдээллийг аль болох олон хүнд хүргэх нь чухал юм шиг санагддаг” хэмээн ярьсан юм.
ШҮРЭЭР ЦҮНХ, ДАВСААР ДУРСГАЛЫН ЗҮЙЛС ХИЙЖ БАЙНА
МСҮТ-ийн хамгийн сонирхол татсан танхим нь гар урлал болон кофе бэлтгэгчийн анги байв. Кофе бэлтгэгчийн ангийн оюутнууд дадлагад гарсан гэнэ. Харин гар урлалын ангиар ороход хоёр оюутан шүрээр цүнх, давсаар бэлэг дурсгалын зүйл урлахыг багшаараа заалгаж байлаа. Гар урлалын багш О.Пунсалдулам“Одоогоор цөөхөн суралцагчтай байна. Шинэ байранд төвхнөөд удаагүй болохоор суралцагчдынхаа хийсэн бүтээлүүдийг хараахан гаргаж тавиагүй. Сайн хийсэн бүтээлүүдээ бид зарим дэлгүүрт өгч, борлуулдаг. Хүмүүс ихэвчлэн түлхүүрийн оосор, үсний боолт зэргийг худалдаж авдаг юм” гэлээ. Ийнхүү тус сургалтын төвийн багш, оюутнууд тохь тухтай анги танхимд суралцаж байгааг харахад таатай санагдсан. Харин зарим ангид нь хичээлийн хэрэглэгдэхүүн дутмаг, хангалтгүй аж. Гэсэн хэдий ч харааны бэрхшээлтэй хүн бүрт эл төвийн хаалга үргэлж нээлттэй бөгөөд бүхий л нөөц бололцоогоо ашиглан тэднийг сургаж, хөгжүүлэхэд анхаарна гэдгийг багш, ажилтнууд нь тодотгосон юм.