Чингис хааны соёрхсон Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд тэмдэглэж эхэлснээс хойш өдгөө Монгол Улс 20 дахь жилдээ буюу Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийг нэгдсэн зохицуулалтаар хангах Ажлын хэсгийг байгуулсан. “Монгол бичгийн үндэсний 3 дугаар хөтөлбөр”-ийн 4 зорилт, 69 үйл ажиллагааны биелэлтийг ханган ажиллаж, өнөөдөр Чингис хаан музейн үзэсгэлэнгийн танхимд хийж хэрэгжүүлсэн ажлаа бодитоор дэглэн үзүүлж байна.
Бэлтгэл ажлыг хангах хүрээнд 141,000 төрийн албан хаагчаас Монгол бичгийн сорилго авч, 21 аймаг, 330 сумын 4500 орчим төрийн байгууллагын ажилчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойллоо. Уг судалгаагаар нийт албан хаагчдын 53,6 хувь нь үндэсний бичигт шилжихэд бэлэн гэж өөрсдийгөө тодорхойллоо.
Улсын хэмжээнд Монгол хэлний 460 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд сургагч багш нар баталсан хөтөлбөрийн дагуу төрийн байгууллагуудад Үндэсний бичгийн хичээл зааж байна. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Архангай, Төв, Говь-Сүмбэр Дорноговь аймгийн 6200 орчим төрийн албан хаагчдад Монгол бичгийн цахим бичвэрийн сургалт зохион байгуулаад байна. Үндэсний бичгээр цахимд бичих арга зүй гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэн сургалтад ашиглаж эхлээд байна. Түүнчлэн Монгол бичгийн чадварлаг багш нартай хамтран төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн цуврал хичээлүүдийг бэлтгэн эхний 20 хичээлийг Үндэсний олон нийтийн телевизээр нэвтрүүлэхэд бэлэн болголоо.
Цаашид цахимаар монгол бичиг бие даан суралцах аппликейшнийг хөгжүүлж, зөвхөн нэг удаагийн тестийн шалгалтаар монгол бичгийн мэдлэг, чадварыг үнэлэх бус, харин анхан, дунд, ахисан түвшний сургалтуудад хамрагдаж түвшин ахисан байдлыг үнэлгээнд харгалзан үздэг байхыг зорих болно. Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэгтийн байршлуудыг Стандарт, хэмжил зүйн газраар батлууллаа. Албан бичгээ дээрх стандартын дагуу хэвлэмэл хуудас дээр Монгол бичгээр үйлдэж буй төрийн байгууллагуудын тоо нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг албан бичгээ үндэсний бичгээр туршиж эхэлжээ. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчид нэрийн хуудсаа Монгол бичгээр бичиж, ашиглах нь түгээмэл болж байгаа нь сайн хэрэг юм.
Монгол бичгийн юникод стандартыг боловсронгуй болгох, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Монгол бичгийн юникод стандартын техникийн дүрмийн орчуулга”, "Монгол бичгийн юникод стандартын үсгийн хэлбэр хувирлын сонголтын дүрэм”-ийг боловсруулаад байна. Монгол бичгээр нийтэд нээлттэй 20 гаруй сайт, 8 цахим толь бичиг, 80 гаруй нүүр номын групп, пэйж хуудас, инстаграм хуудас бий болжээ. Тэдгээрт идэвхтэй ханддаг гишүүдийн тоо 570 000 иргэн байна. Хүмүүн бичиг сонин 7 хоног тутам, Уламжлал сэтгүүл улирал тутам тус тус хэвлэгдэн гарч байна.
Монгол хэлний хуулийн дагуу төрийн болон нутгийн захиргааны байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийг дагаж мөрдөх ёстой. Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургагч багш нарын тусламжтай нийт албан хаагчдад үндэсний бичгээ сургахад байгууллагын удирдлагууд идэвх зүтгэл гарган оролцох шаардлагатай байгаа нь шат шатны судалгаагаар тогтоогдсон байдаг.