Нийслэлийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан өчигдөр болж, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулсан юм. Түүний мэдээлснээр нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд 95 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ. Уг үзүүлэлтийг ирэх хичээлийн жилд 100 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэнэ. Улаанбаатарын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 158 сургуульд 310 000 гаруй хүүхэд суралцаж байгаа аж.
Тэгвэл хувийн хэвшлийн 138 сургуульд 53 000 гаруй хүүхэд суралцаж буй юм байна. Нийслэлд энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургууль зургаагаар, хувийн хэвшлийнх нь долоогоор нэмэгджээ. Энэ хичээлийн жилээс улсын сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх зорилтыг холбогдох албаныхан тавьсан. Үүний хүрээнд 18 сургууль түрээсийн байр ашиглаж, тэдгээрт 278 бүлгийн 11 310 хүүхэд суралцаж байгаа аж. Гэсэн ч өдгөө 12, 84, 124 дүгээр зэрэг долоон сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа гэнэ.
Цаашид хүртээмжийг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй бол ирэх хичээлийн жилд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт 54 сургууль гурван ээлжид шилжих эрсдэлтэй байгааг салбарын сайд мэдээлсэн. Тиймээс сургуулийн барилга түрээслэх, ахлах ангийн сурагчдын хамран сургах тойргийг өөрчилж, уян хатан бүтэц, зохион байгуулалттай болгохоор төлөвлөжээ. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд шинээр барих хорооллын төлөвлөлтөд сургууль, цэцэрлэгийг заавал тусгуулах, үүнийг хэрэгжүүлэх үеийн хяналтыг сайжруулах, дэргэдээ сургууль, цэцэрлэг байгуулсан байгууллага, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл, урамшуулал олгох зэрэгт дэмжлэг үзүүлэхийг сайд Л.Энх-Амгалан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хүслээ.
Бэлтгэсэн: М.Оч