Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтад шилжсэн. Эл үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж (EPC 1)-ийн барилга угсралтын ажлыг 2021 онд эхлүүлсэн бөгөөд энэ жилийн гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөж байгаа аж. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон газрын тос дамжуулах хоолойн угсралтын ажлыг эхлүүлэв. EPC 2 багц ажлын хүрээнд атмосфер ба вакум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламж, түүний дотор 49 агуулах сав, бүтээгдэхүүн ачих, буулгах вагон, авто эстакад зэргийг барих гэнэ.
EPC 3 багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан, уураар хангах 35 МВт-ын хүчин чадалтай ДЦС барих аж. Уг станцын уурын турбин генераторыг ХБНГУ-ын “Siemens”, уурын зуухыг нь “ThyssenKrupp” үйлдвэрлэж буй юм. Энэ хоёр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Megha engi¬neering infrastructure” компани шалгарсан билээ. Түүнчлэн үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 530 км урт, газрын тос дамжуулах хоолойг Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Алтанширээ дахь үйлдвэрийн талбай хүртэл барих юм. Уг дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд манай улсын хувьд тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болох аж. Үүнийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан, БНХАУ-ын төрийн өмчит “Norinco international cooperation” 2022 оны эцсээс ажлаа эхлүүлсэн гэнэ. Тус компани түүхий тосны шинжилгээ, суурь судалгааны зэрэг дэд бүтцийн ажлыг дуусгаснаар дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Эл дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канадын “Worley parsons” компани хийж буйг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас мэдээлэв.
Ташрамд дурдахад, EPC 4 буюу үйлдвэрийн лицензтэй технологийн байгууламжуудын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендер дуусаж, шалгарсан компанитай гэрээ байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх багц ажлын гүйцэтгэгч тодорсон гэсэн үг. Үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм.