Нобелийн шагналт, эдийн засагч Томас Пикеттийг эдүгээ мэдэхгүй хүн цөөн. Францын Засгийн газраас Легионы хүндэтгэлийн одонгоор түүнийг шагнахад “Нийгмийн гишүү дийн хэнийг өргөмжлөхийг Засгийн газар шийдэх эрхгүй” хэмээн Пикетти татгалзаж байжээ.
“Хорин нэгдүгээр зууны капитал” хэмээх ном нь анх франц хэлээр хэвлэгдмэгц улс төрийн болон онолын “бульдозер” гэж тодорхой хүрээнд үнэлэгдэж байлаа. Ердөө жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2014 онд англи хувилбар нь “Нью-Йорк таймс” сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлэв. Томас Пикеттийн бүтээл бүх цаг үеийн хамгийн олон борлуулагдсан судалгааны ном гэж түүхэнд үлдсэн юм. “Хорин нэгдүгээр зууны капитал” номын гол санаа нь тэгш биш байдлын тухай өгүүлсэн байдаг. Нийгэм дэх тэгш бус байдал нь тохиолдлын чанартай үзэгдэл биш, капитализмын үндсэн шинж бөгөөд төрийн оролцоотой залруулгыг үргэлж хийх ёстой. Хэрэв капитализмыг төрийн оролцоотой шинэчлэхгүй бол хөрөнгийн хэт төвлөрөл үүсэж, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал руу хөтөлснөөр ардчилсан дэг журам эрсдэлд орно гэж үзсэн байна.
Яг үнэндээ Томас Пикеттийн номыг амжилтад хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Анх 2013 онд 700 орчим хуудастай хэвлэсэн тус бүтээл тухайн жилдээ шилдэг зуун номын жагсаалтад ч багтаж чадаагүй. Харин Артур Голдхаммерын орчуулсан англи хувилбар нь түмэн олонд хүрч, хүлээлтээс хол давсан юм.
Пикеттийн ертөнцийг үзэх үзэл нь он удаан жил баруунд тогтсон ойлголт, Америкийн дийлэнх эрдэмтнээс огт өөр байв. Тэгш бус байдал буюу баян, хоосны ялгаа нь Францад улс төрийн хэлэлцүүлгийн том сэдэв болсоор удсан. Харин Америк болон Британид дөнгөж “халж” эхэллээ. Түүний ном удаан хугацааны туршид хэвшмэл төсөөлөл, шүүмжээр хахсан ч бодит баримтаар цангасан тэгш бус байдлын судалгааг гүнзгийрүүлсэн бүтээл болсон байв.
Ялангуяа “Усны түвшин өсөхөд бүх завь хамт дээшилдэг” гэх уламжлалт эдийн засгийн онолын хуурмаг байдлыг илчлэхийг Томас Пикетти зорьжээ. Энэ нь олонх Засгийн газар хөдөлмөрийг капиталаас илүү үзэж байсан алтан үе буюу (Дэлхийн хоёрдугаар дайны дараах 30 жил) хүн төрөлхтний түүхийн маш өчүүхэн хэсэгт л үнэн байсан гэж тэрбээр нотолсон юм. Гэвч тэр цаг үе нэгэнт ард хоцорсон учраас улс төрийн бодлогын том хөтөлбөрүүд л улс орныг меритократ элитүүд болон өв залгамжилсан баячуудын хосолсон дарангуйлал дор орохоос сэргийлэх гэнэ.
Эдийн засаг нь бусад нийгмийн шинжлэх ухаанаас салах гэж оролдохын ч хэрэггүй байсан гэж Пикетти үздэг. Тэрбээр уран зохиол, түүхээс ч дүн шинжилгээ хийх зүйл олж авахыг эрэлхийлдэг байв. Тухайлбал, Жэйн Остин, Бал закийн романаас 1790-1830-аад оны Англи, Францад баялгийг хэрхэн хуваарилдаг байсан тухай, тэр нь хувь хүний нийгмийн амьдрал, өсөх боломжид яаж нөлөөлж ирснийг олж харах боломжтой гэнэ. Хэрэв та олонх эдийн засагчийн адил зөвхөн хоёр, гурван аравны тоон өгөгдлийг судлаад байвал капиталын болон хөдөлмөрийн орлого хоёрын харьцааны урт хугацааны хөгжлийг олж харж чадахгүй гэж тэрбээр хэлсэн байдаг.
Британийн үйлдвэрт ажиллагсдын хувьд бодит цалин хөлс нь XIX зууны сүүлийн 30 жилд буюу аж үйлдвэрийн хувьсгалаас хойш олон үеийн дараа өссөн болохыг Пикетти судалсан байна. Тухайн үед эдийн засаг эрчимтэй өсөж байсан нь үнэн боловч үр ашгийн дийлэнх нь аж үйлдвэрийн болон газрын эздэд очиж байжээ. Диккинсийн “Оливер Твист” зэрэг бүтээлд дүрсэлсний адил ажилчин ангийн орлого зогсонги байдалд орсон атал эзэд нь гайхамшгийн гэмээр хурдаар эд баялгаа өсгөж чадсан нь түүхэн үнэн билээ. Хэрвээ дэлхийн нэгдүгээр дайн гараагүй бол капитал ба хөдөлмөрийн тэгш бус байдал бүр ч ихсэх байсан гэж Пикетти үзжээ.
Орчин үеийн нийгэм дэх шинж тэмдгүүд ч сайнгүй байна. Интернэт болон мэдээллийн технологи нь тун цөөхөн хүнд асар их эд баялаг авчирч хөрөнгөжүүлсэн байхад нийт олонхын цалин хөлс маш бага хэмжээгээр л өсжээ. Үндэсний орлого дахь хөдөлмөр, ажлын байрны эзлэх хувь нь технологийн дэвшлийн нөлөөгөөр ч өссөн шинж тэмдэг ажиглагдсангүй. Харин ч зарим ажлын байр бүрмөсөн устаж үгүй болов. Пикеттийн хэлснээр өндөр боловсрол, ур чадвар, мэргэшил, сайн зах зээл байгаад ч тэгш бус байдал буюу баян, хоосны ялгаа холдсоор буйд гол асуудал орших аж.
Эдүгээ эдийн засгийн өсөлт удааширсан үед капиталын төвлөрөл илүү хурдацтай тэлж байна. Шаргуу хөдөлмөрлөн, компани үүсгэн байгуулж, хүнд хөрөнгө оруулахын оронд зүгээр л түрээсийн орлого, эсвэл үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, бусад капиталаас ногдол ашиг аваад суух нь баячуудад илүү ашигтай. Түүнчлэн шинээр баялаг бүтээхгүй, одоо буй нь илүү ач холбогдолтой болж эхэлнэ. Хэрэв капиталын өгөөж нь эдийн засгийн өсөлтийн хувиас давбал ядуус ба дундаж давхаргын цалин зогсонги байдалд орох, эсвэл амьжиргаа муудсан, эсэхээс үл хамааран баячуудын хувьд илүү их хөрөнгөжих нь хялбар болно. Өмчийг хамгаалах, зах зээлийг чөлөөлөх, өрсөлдөөнийг дэмжих зэрэг нь нөхцөл байдлыг сайжруулахгүй. Яагаад гэвэл зах зээл төгс байх тусмаа хөдөлмөрт биш, харин капиталд илүү тустай болох хандлагатай гэж Пикетти бичжээ.
Эдийн засгийн өсөлт нь хоёр зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, хүн амын өсөлт. Харин хоёрдугаарт, нэг ажилчинд ногдох бүтээмжийн өсөлт болно. Хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд хүн амын өсөлт гэж байсан. Харин бүтээмжийн өсөлт гэх зүйл бараг байсангүй. Харин аж үйлдвэрийн хувьсгал бүхнийг өөрчилсөн юм. 1700-2012 онд өсөлт дунджаар 1.6 хувь орчим байсан бөгөөд тэн хагас нь үнэндээ нэг хүнд ногдох бүтээмжээс хамаарч байлаа. Энэ нь тийм ч их бус санагдаж болох ч өсөлтийн хувь хэмжээ дунджаар хоёр байвал амьжиргааны түвшин хоёр дахин сайжирна. Харин дэлхийн хүн амын өсөлт саарсан, Япон зэрэг зарим оронд буурч эхэлсэн өнөө үед өндөр хөгжилтэй орнуудын хувьд эдийн засгаа ихээхэн хэмжээгээр өсгөх боломж бага болжээ.
...Дэлхий 1900 оны Европтой улам бүр адилхан болж байна. Тэр үед буюу дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Европт ангийн болон баялгийн ялгаа дээд цэгтээ хүрч байсан билээ. Товчоор хэлбэл, дайны өмнөх болон XX зууны заагийн тэр эгзэгтэй үе шинээр ирж байна гэж Пикетти анхааруулж буй юм...
Гэвч хүн амын удааширч буй өсөлт нь Пикеттийн гол сэдэв болсон тэгш бус байдалтай хэрхэн холбогдох вэ. Хэрэв хүн ам хурдтай өсөж байвал, өвлөж авсан баялгийн нөлөө төдий чинээ хязгаарлагдана. Олон хүүхэдтэй гэр бүлээс гаралтай бол нийт гэр бүлийн хөрөнгөд эзлэх тухайн хүний хувь хэмжээ өчүүхэн бага байна. Тиймучир баяжихын тулд та өөрөө хөдөлмөрлөхөөс өөр аргагүй болно. Түүнчлэн хурдтай өсөж байгаа эдийн засагт таны эцэг, эх, эсвэл өвөө, эмээгийн олж байсан орлого өнөөдрийн таныхтай харьцуулаад нэг их тус болохгүй нь ойлгомжтой. Эдийн засгийн өсөлт нь ердөө нэг хувь байсан ч ийм нийгэм нь нэг үеийн дараа асар их өөрчлөгдсөн байх болно. Үйлдвэрлэлийн хэлбэрүүд өөрчлөгдөж, ажлын байрны шинэ төрөл, хэлбэр бий болсноор ажилчдын хөрвөх чадвар сайжрах төдийгүй цалин хөлсний орлогыг капиталаас илүүд үзнэ. Харин эдийн засаг нь өсдөггүй нийгмийн хувьд нэг л хэвийн бүтэц үеэс үед уламжлагдан үлдэнэ. Их хадгалж, хуримтлуулдаг боловч удаан өсөлттэй улсад тухайн тэнцвэр нь урт хугацаанд цалингийн орлогоос холдож, харин капиталын зүг рүү хэлбийж тогтох болно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн үнэлгээ буурч, капиталынх өсөх болно.
Дэлхийн нэгдүгээр дайны өмнө европчуудын олонх хувь нь бүхий л амьдралынхаа туршид хэзээ ч ажил хийдэггүй цөөн хэдэн хүний төлөө ажиллаж байв. Франц болон Британийн хамгийн баян гэгдэх хүмүүс хүн амын ердөө нэг хувийг бүрдүүлж байсан ч үндэсний нийт баялгийн тэн хагасыг эзэмшиж байлаа. XX зууны нэг том өөрчлөлт болсон өмч хөрөнгө бүхий дундаж давхаргынхан хүн амын 40 хувийг бүрдүүлэх байсан. Гэсэн ч Европын нийт баялгийн ердөө гуравны нэгийг эзэмшиж байсан юм. Учир нь хамгийн баян 10 хувийн эд баялаг нь дайн, эдийн засгийн хямрал, ажилчдыг дэмжсэн төрийн бодлого зэргээс шалтгаалан хоёр дахин багассан байв. Тэгвэл одоо илүү олон хүн ажиллаж хөдөлмөрлөх ёстой болсон бөгөөд цалин хөлс нь нийгмийн баялгийн маш чухал эх үүсвэрт тооцогдоод байна.
Харин XXI зууны эхээр эд баялаг эргэн ирснээр капитал, орлогын харьцааны хувьд бид XVIII зуунд л харж болохоор түвшин рүү буцаж очлоо гэж Пикетти хэлсэн байдаг. 1970 онд баян орнуудад (АНУ, Япон, Герман, Британи, Франц, Итали, Канад болон Австрали) хувийн капиталын хэмжээ нь үндэсний нийт орлогын 2-3 жилийнхтэй тэнцүү байсан юм. 2010 оны хувьд тэгвэл хувийн капиталын хэмжээ нь үндэсний нийт орлогын 4-7 жилийнхтэй тэнцжээ. Хөөсрөлтийг эс тооцвол, бид өнөөдөр 1970-аад оноос хойш баян орнуудад хувийн капитал асар хүчтэйгээр эргэн ирж буйн амьд гэрч болж байна. Өөрөөр хэлбэл, шинэ хэлбэрийн “өв залгамжлагчдын капитализм” төрөн гарч байна гэж Пикетти үзсэн хэрэг. Дэлхий 1900 оны Европтой улам бүр адилхан болж байна. Тэр үед буюу дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Европт ангийн болон баялгийн ялгаа дээд цэгтээ хүрч байсан билээ. Товчоор хэлбэл, дайны өмнөх болон XX зууны заагийн тэр эгзэгтэй үе шинээр ирж байна гэж Пикетти анхааруулж буй юм.
Пикеттийн тодотгосноор тэгш бус байдлын хоёр хэлбэр бий аж. Эхнийх нь “хөрөнгө оруулагчдын нийгэм” бөгөөд өвлөж авсан болон хурааж хуримтлуулсан баялгийнхаа хүүгээр амьдардаг хүмүүс. Тэр дээд давхарга нь олон хүнийг маш бага цалингаар хөлслөн ажиллуулдаг. Хоёр дахь нь АНУ-д бүтээсэн “хайпер-меритократ нийгэм” буюу “супер менежерүүдийн нийгэм” бөгөөд хүмүүсийн маш бага хувь нь асар их хэмжээний цалин хөлс авдаг байна. 1980-аад оноос хойш АНУ дахь орлогын нийт өсөлтийн 75 хувь нь хамгийн дээд давхаргын нэг хувьд очсон байдаг гэнэ.
2008 оны санхүүгийн хямралын нэг шалтгаан нь өргөжин тэлсээр байсан тэгш бус байдал гэж Пикетти үзжээ. Энгийнээр үндэслэн хэлэхэд, дундаж болон доод давхаргынхны цалин зогсонги байдалд орсон учраас тэд амьжиргаагаа залгуулахын тулд илүү их зээл авах ёстой болсон хэрэг. Худалдан авах чадварын хувьд Америкийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1969 онд нэг цагт 10 орчим ам.доллар (2013 оны ханшаар) байсан нь хамгийн өндөрт тооцогдож байв. 2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний худалдан авах чадвар нь цагт долоон ам. доллар болж буурсан нь Франц ба Британийн хамгийн бага цалингаас ч доогуур үзүүлэлт юм. Хямралын өмнөх 30 жилийн туршид буюу 1977-2007 оны хооронд АНУ-ын хүн амын 90 хувийн орлого жилд ердөө 0.5 хувиар өсөж ирсэн нь бодит үнэн. Гэтэл яг адил хугацаанд хамгийн баян 10 хувьд хамаарах америкчуудын нийт орлого 60 хувиар өссөн байлаа.
Түүний гол санаа бол шударга нийгэм нь зөвхөн зах зээлийг зохицуулах, хууль ёсыг сахиулах төдийгөөр үйл ажиллагааг хязгаарлаж хэзээ ч болохгүй, харин хувь хүний хөрвөх буюу нийгмийн байр сууриа ахиулах чадварыг сайжруулахыг байнга эрэлхийлэх гэжээ.
Пикеттийн тооцоолсноор дэлхий даяар эдийн засгийн өсөлт нь 2050 он хүртэл жилд гурван хувь болж буурах гэнэ. Харин 2050-2100 оны хооронд 1.5 хувь буюу XIX зууны түвшинд очиж уруудна. Гэвч мөн хугацаанд капиталын өгөөж 4-5 хувийн хооронд тогтмол байх болно. Тэрбээр капитал нь хөдөлмөрийг идэхээс сэргийлэх цорын ганц арга нь дэлхий нийтээр ийм татвартай болох ёстой гэж үзсэн байна. Хувь хүний эд баялагт прогрессив буюу өсөн нэмэгдэх татвар ногдуулах хэрэгтэй гэнэ. Шинэ хуулийн дагуу хэрэгжих учиртай ийм татвараас гадна банкуудын ил тод байдлыг хатуу сахиулж, татварын “диваажингууд”-ыг хязгаарласнаар дэлхий нийтэд нүүрлээд буй “эцэс төгсгөлгүй үргэлжлэх тэгш бус байдлын тойрог”-ийг “гацааж” чадна хэмээн бичжээ.
Пикетти хэдийгээр энэ санааг утопи буюу үл биелэх шинжтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч огт хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээгүй юм. Хэрэв Засгийн газрууд үүнээс зайлс хийвэл тэртэй, тэргүй улс төрийн цочир үйл явдлуудаас шалтгаалан тэгш бус байдалтай ямар нэг аргаар тэмцэхээс өөр аргагүйд хүрнэ. Учир нь хөрөнгийн татваргүй байна гэвэл альтернатив хувилбар нь хэт үндсэрхэг үзлийн сэргэх, протекционист бодлого болон капиталын хатуу хяналт байх болно.
Шүүмжлэгчдийн зүгээс Пикеттийн шийдлүүд дахин хуваарилалтад хэт их төвлөрдөг гэж үздэг. Гэтэл эдийн засгийн энгийн өсөлт ч тэгш бус байдлыг бууруулж байдаг. Түүнчлэн Засгийн газрууд бага орлоготой иргэдийнхээ капиталыг өсгөх (жишээ нь, тэтгэврийн хуримтлал, эсвэл хадгаламжид нэмэлт урамшуулал өгөх, орон сууцтай болоход нь хөнгөлөлт үзүүлэх) оролдлогуудыг байнга хийдэг. Магадгүй Томас Пикетти өнгөрсөн түүхийг ашиглан ирээдүйг харах гэж оролдсоноороо алдсан байж болно. Магадгүй капитализм түүний бодож буйгаас ч илүү эрч хүчтэй, динамик буюу хурдтай өөрчлөгддөг байж мэдэх юм.
Харин түүний хэлсэн нэг бодит үнэн бол чөлөөт зах зээл гэдэг нь байгалийн хүчин зүйлс биш, харин нийгэм, хүн төрөлхтний эрх ашигт үйлчлэх учиртай хүний бүтээсэн зүйл гэнэ. Зах зээл хүний төлөө байх ёстой, түүнээс эсрэг биш юм.