Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 12 салбар, чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид 30 орчим тэрбум төгрөгийн зээл олгохоо мэдэгдлээ. Уг санхүүжилтийн 70-аас доошгүй хувийг орон нутаг дахь үйлдвэрлэл эрхлэгчид олгох гэнэ. Манай улс ирэх таван жилд гол нэрийн 19 нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг зорьж буй. Иймээс дээрх сангаас гурван хувийн хүү, таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү олгох юм байна.
Ташрамд дурдахад, эл сангаас 2023 онд зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төслийг 30 хоногийн турш Төсөл хүлээн авах цахим системээр дамжуулан авчээ. Улмаар 655 аж ахуйн нэгж 96.69 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ баталгаажуулсан аж. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу дөрвөн үе шаттайгаар үнэлгээ хийх бөгөөд хоёрдугаар шатанд 43.1 тэрбум төгрөгийн 306 төсөл тэнцсэн гэнэ. Тодруулбал, Улаанбаатар хот, 20 аймаг дахь аж ахуйн нэгжүүдийн 36.1 тэрбум төгрөгийн 264 төсөл нарийвчилсан судалгаанд тэнцжээ. Журмын дагуу гурав дахь шатны үнэлгээ буюу тухайн төслийг хэрэгжүүлэх байршилд очиж үнэлгээ хийж эхэлсэн талаар ЖДҮГ-аас мэдээллээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин сум дахь аж ахуйн нэгжүүдийн 12 төсөлтэй танилцжээ.
Бэлтгэсэн: Б.Сонор