Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. Тус тайланд олон улсын KPMG компани аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Мөн тус банкны өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан болон 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн байна. Улмаар дээрх аудитын дүгнэлт, тайланг УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Үүнээс гадна бондуудын эргэн төлөлттэй холбогдуулан авах арга хэмжээг зохион байгуулахдаа Хөгжлийн банкны чанаргүй зээлийг багасгах чиглэлээр санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
Тус банк ирэх аравдугаар сарын 23-нд 500 сая ам.доллар, арванхоёрдугаар сарын 25-нд 30 тэрбум иений “Самурай” буюу нийт 723 сая ам.долларын бондыг эргэн төлөх үүрэгтэй. Хуралдааны дараа сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ “Ирэх сарын 1-нд төлөх ёстой “Гэрэгэ” бондын үлдэгдэл 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулахад бэлэн болсон. Энэ оны эхний улиралд авч хэрэгжүүлсэн “Сенчири-2” арга хэмжээний хүрээнд уг бондын үлдэгдлийг төлөх эх үүсвэр бүрдүүлж чадлаа. Бонд төлснөөр Төв банкны валютын албан нөөцөд сөргөөр нөлөөлөхгүй” хэмээн тодотгов.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Сангийн сайдын хэлснээр ДНБ-ий бодит өсөлт 6.5, инфляц найман хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 21.1 их наяд төгрөгт хүрч 11 хувиар өсөх гэнэ. Харин зарлагын дээд хэмжээ 22.9 их наяд төгрөг болж 12 хувь өсөж, алдагдлыг 2.8 хувьд барих аж. Энэ нь 2.8 их наяд төгрөг юм. Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг ирэх даваа гарагт УИХ-д өргөн барих юм байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс төрийн албаныхны цалинг нэмэх талаар тодруулахад, “Юуны түрүүнд бодлогын тохиргоо хиймээр байгаа юм. Учир нь сүүлийн 10 гаруй жилд бараг салбар болгоны хууль, эрх зүйн орчинд албан хаагчдынх нь цалинг нэмэгдүүлэхээр тусгаж, түүгээрээ уралдсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, ХНХЯ-наас тодорхойлж ирсэн төрийн албаныхны цалингийн бодлого алдагдсан. Тиймээс үүнийг нэгдсэн бодлого, зохицуулалттай болгох шаардлага тулгарч байна. Иймд энэ жилдээ цалинг нэмнэ гэж одоо хэлэхэд эртэднэ” гэв.