Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Батцэцэгийг эгүүлэн татаж, оронд нь С.Золжаргалыг томилох саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. С.Золжаргал нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж буй. Мөн Япон Улсад суугаа Элчин сайд Д.Батжаргалыг эгүүлэн татаж, Б.Баярсайханыг илгээх санал гаргажээ. Б.Баярсайхан нь Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байв. Түүнчлэн тэрбээр Японд сурч, ажиллан, тус улсын хөрөнгө оруулалттай компаниудад ажилласан туршлага арвин, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын ойрын хүн гэгддэг. Эгүүлэн татагдах гэж байгаа Элчин сайд нарын хувьд “томилолт”-ын хугацаа нь дуусаж буй юм байна.
Харин өнгөрсөн онд БНСУ-д Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогосыг Канад Улсад сэлгэн шилжүүлж, оронд нь Б.Энхбатыг шилжүүлэх гэнэ. Тэрбээр МИАТ-ийн БНСУ дахь төлөөлөгч юм. Өдгөө Канадад суугаа Элчин сайд Я.Ариунболдыг 2018 онд томилсон билээ. Мөн Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилов. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөнөөс гадна авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
Түүнчлэн энэ өдөр Элчин сайд О.Дамбийнямыг эгүүлэн татах саналыг Төрийн тэргүүнд уламжлахаар тогтов. Тодруулбал, УИХ-ын 2013 оны 43 дугаар тогтоолоор Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээн ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Улмаар 2014 онд О.Дамбийнямыг тус улсад Элчин сайдаар томилжээ. Гэсэн ч ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээгээгүй бөгөөд түүнийг эгүүлэн татах ажиллагааг өнөөдрийг хүртэл хууль, эрх зүйн хүрээнд хийгээгүй байсан аж.