Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Сэсээрийн Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Банзрагчийн Баярсайханыг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,
-Батнямын Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд,
-Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Шархүүгийн Оргилыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөххотод суух Ерөнхий консулаар томиллоо.
- Катар Улсын Доха хотноо 2023 оны гуравдугаар сарын 7-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
-Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам баталлаа.