“1000 инженер-Ажлын байр-2023” өдөрлөгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, ШУТИС-иас өчигдөр зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдан, Япон Улсад их, дээд сургууль төгсөөд, өнгөрсөн сард эх орондоо ирсэн 105 залуу уг өдөрлөгт оролцов. Хөтөлбөрт хамрагдсан залуус япон, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, Японд 2-3 жил суралцаж, барилга, дэд бүтэц, мэдээллийн систем, цахилгаан электроникийн чиглэлийн инженер мэргэжлээр суралцжээ. Мөн үндэсний хэмжээний, дээр дурдсан чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг “Моннис”, “IT zone”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг томоохон компани энэ үеэр үйл ажиллагаагаа танилцуулж, төгсөгчдийг ажилд урьсан байна. Ташрамд дурдахад, 2013 оноос хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд одоогоор 764 инженер бэлтгээд байгаа аж.