“Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өчигдөр 12.00 цагт авч эхэлсэн юм. Тодруулбал, тус компани 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй (улирал тутам хүү төлөх нөхцөлтэй), нэг бүр нь 100 000 төгрөгийн үнэтэй 90 000 ширхэг ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгон, есөн тэрбумыг татан төвлөрүүлж, захиалгынх нь дүн санал болгож буй үнийн дүнд хүрвэл анхдагч зах зээлийн арилжааг хаах нөхцөлтэйг МХБ-ээс мэдээлсэн. Эл захиалгыг тавдугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл авахаар төлөвлөсөн ч өчигдөр 16.00 цаг гэхэд дээрх үнийн дүнд хүрч, бүрэн биеллээ. Хөрөнгө оруулагчдад санал болгосон долоо дахь ХБҮЦ “Бэрс 2”-ыг авахаар 58 захиалга ирүүлснээр үнийн дүн нь есөн тэрбумд хүрчээ. Эргэн сануулахад, 2021 оны нэгдүгээр улиралд МХБ-д анхны ХБҮЦ-ыг санал болгож байв. Дээрх 19.2 хувийн хүүтэй ХБҮЦ нь одоогоор хамгийн өндөр хүүтэй үнэт цаасанд тооцогдож буй гэнэ. Ташрамд дурдахад, ХБҮЦ нь ирээдүйд олох орлогоор хөрөнгийн багц бүрдүүлэн тусгай зориулалтын компани байгуулж олон нийтэд нээлттэй, хаалттай хүрээнд санал болгодог үнэт цаасжуулсан санхүүгийн хэрэгсэл гэдгийг СЗХ-ноос өмнө нь мэдээлж байсан юм.