Цар тахлаас болж зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбар сэргэж эхэлж буй. Үүнтэй холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбооноос орон нутгийн удирдлагуудад хандан баяр наадмын товоо энэ сарын 28-ны дотор яаралтай ирүүлэх тухай уриалга гаргажээ. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяраас тодруулахад “Улсын их баяр наадам долдугаар сарын 11, 12-нд болдог. Үүн шиг аймаг, сумуудын наадмыг ч тогтсон өдөр зохион байгуулдаг болгох гэж олон жил зүтгэж байна. Цаг агаарын нөхцөл зэрэг шалтаг тоочоод, орон нутгийнхан наадмынхаа товыг гаргахгүй удах, тогтоосон өдрөө цуцлах, өөрчлөх зэрэг асуудал тулгардаг. Гэтэл гадаадын жуулчид 2-3 жилийн өмнөөс аяллаа төлөвлөөд, маршрутаа ч гаргачихдаг. Ядаж жуулчид олноороо очдог Архангай, Өвөрхангай зэрэг төвийн бүсийн аймаг наадмаа хийдэг тогтсон өдөртэй болчихвол орон нутгийн хөгжил, цаашлаад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ч тустай. Жуулчид сумын наадамд очих дуртай байдаг. Гэтэл аймаг, сумууд наадмын хуваариа гаргаагүй, байсхийгээд л товоо өөрчлөх нь жуулчдад хүндрэлтэй. Төв аймаг л наадмын хуваариа тогтмол болгоод удаж буй. Бид ч жуулчдыг олноор үзүүлдэг болсон” гэлээ.
Ташрамд дурдахад, Төв аймгийн хэмжээнд энэ жил тэгш ой тохиох долоон сум бий гэнэ. Үүнтэй холбоотойгоор Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Мөнгөнморьт сумын наадмыг долдугаар сарын 10, 11, 12, Заамар, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумынхыг 21, 22, 23-нд зохион байгуулахаар товложээ. Харин бусад сумын наадмыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу долдугаар сарын 10, 11, 12-нд тэмдэглэх тухай А/262 дугаар захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан байна.
Бэлтгэсэн: Ю.Түвшин