Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, коллежуудын элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар өнгөрсөн сард шинэчлэн баталсан. Ингэхдээ зарим мэргэжлийн босго оноог бууруулсан юм. Тэр дундаа багшийн мэргэжлээр сургуульд элсэгчдийн босго оноог бууруулсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна. Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, бага анги, биеийн тамир, дүрслэх урлаг, дизайн технологи, зураг зүйн багш мэргэжлээр элсэгчдийн оноог 400-440 болгож бууруулсан. Ялангуяа бага ангийн болон цэцэрлэгийн багш мэргэжил эзэмших бол дээрх оноог хамгийн бага байхаар тогтоожээ. Албаныхан болохоор эрэлттэй учраас багш мэргэжлээр элсэгчдийн босго оноог бууруулсан гэж тайлбарласан. Харин иргэд энэ нь багш мэргэжлийн үнэлэмж, хөдөлмөр, ур чадварыг нь улам сулруулах буруу шийдвэр гэж буй билээ.
Олон улсад бол бага ангийн багш нарт маш өндөр шаардлага тавьдаг, тэр хэрээр үнэлэмж, нэр хүнд нь ч сайн байдаг аж. Учир нь чанаргүй боловсролоос шалтгаалан хожим нь улс үндэстнээрээ хохирох ч аюултай учраас дэлхий дахинд боловсролын салбар, ялангуяа багш нарын мэдлэг, ур чадварт ихэд анхаарч байна. Харин манайх үүнээс эсрэг зүгт явах болов. Хэдийгээр манай улсад багш хомсдолтой ч энэ нь алдаатай бодлого гаргаж, эрсдэлтэй алхам хийх шалтгаан болохгүй. Харин ч эсрэгээрээ багш нараа илүү дэмжиж, хамгийн шилдэг сурагчдыг энэ мэргэжлээр бэлтгэж яагаад болохгүй гэж. Бага насны хүүхдүүдэд суурь боловсролыг анхнаас нь чанартай эзэмшүүлснээр цаашдынх нь амьдралын баталгаа болдог гэсэн дүгнэлт ч бий. Тиймээс бага ангийн багш хамгийн хүнд, ур чадвар, хөдөлмөр шаардсан мэргэжлүүдийн нэгт тооцогддог билээ. Гэтэл Монголд төр, засаг, салбарын яамнаасаа эхлээд л багш нарын үнэлэмжийг унагааж, улмаар ирээдүйн иргэдийнхээ боловсролд хайхрамжгүй хандсандньолон нийтэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Оноо бууруулах гэх мэт оновчгүй шийдэл гаргахын оронд зөв, үр дүнтэй арга хэмжээ авах ёстой талаар иргэд, ялангуяа багш нар ч байр сууриа илэрхийлсээр байгаа. Түүнчлэн хэмнэлтийг боловсролын салбарт хэрэгжүүлэхгүйгээр өөр арга замаар эрэл хайгуул хийх шаардлагатайг онцлох болсон. Тэгвэл энэ талаар багш, оюутнууд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
СУРЛАГА САЙТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХОС МЭРГЭЖЛЭЭР БЭЛТГЭХ ЦАГ БОЛЖЭЭ
Т.ДУЛАМРАГЧАА (МУБИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний төвийн мэргэжилтэн):
-Би МУБИС-ийн Сургалтын албанд 30 жил ажиллаж байна. Манай сургуулийн багш нар босго оноо бууруулсныг буруу гэж үзэж байгаа. Ядаж 500 онооны босготой болгомоор байна шүү дээ. Сайн багшийн гараас сайн шавь төрдөг гэдэг. Тэгэхээр багш сайн байх ёстой юм. Сүүлийн үеийн судалгаагаар манай улс багшгүй болоход ойрхон байна гэсэн дүн гарах болсон. Үүнд Засгийн газраас арга хэмжээ авч эхэлсэн ч санасан хэмжээнд хүрэхгүй байна. Багш нараа улам чадавхжуулж, чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь чухал. Тиймээс харин ч өндөр оноотой хүүхдийг бодлогоор дэмжиж, багшаар бэлтгэх нь зөв гэж боддог. Боловсролын салбарт иргэд маш шүүмжлэлтэй ханддаг болсон. Энэ байдлыг өөрчлөхийн тулд оноог бууруулах биш, харин ч нэмж, сурлага сайтай хүүхдүүдийг сонгон, хос мэргэжилтэн багшаар бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь, математик-физик, түүх-нийгмийн ухаан, математик-англи хэлний гэх мэтээр хос мэргэжилтэй багш нарыг бэлтгэх нь зөв. Багшийн хомсдол улам газар авч байгаа. Тухайлбал, бага ангийн багшаар суралцаж байгаа III, IV курсийн оюутнуудыг ажлын талбарт шууд гаргахаас өөр аргагүй боллоо. Тэд ажиллахын сацуу цахимаар суралцаж байгаа шүү дээ.
ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛГҮЙ ОЮУТАНХИЧЭЭГЭЭД Ч БАГШ БОЛОХГҮЙ
З.АЛИМАА (Ахмад багш):
-Салбарын сайдын шийдвэр буруу гэж бодохгүй байгаа. Энэ нь сайн, муу хоёр талтай. Хүүхэд хүсэж байвал 300 оноотой ч сайн багш болохыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь суралцагч өөрөө хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Харин хүүхэд багш болох хүсэлгүй бол хэчнээн өндөр оноотой байгаад ч нэмэргүй. Нэг удаагийн элсэлтийн шалгалтын оноогоор тухайн хүүхдийг дүгнэж болохгүйг л хэлэх гэсэн юм. Зарим хүн “Их сургуулиа онц төгссөн ч юу ч сураагүй байжээ. Ажлын талбарт гараад л багш боллоо” гэж ярьдаг. Үүнтэй адил ерөнхий боловсролын сургуульдаа тааруу байсан ч их, дээд сургуульд амжилттай суралцан, сайн багшаар бэлтгэгдэж болно. Ерөөсөө л тухайн суралцагчийн сонирхол, хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг дахин хэлье.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО ЧУХАЛ БИШ
С.УЧРАЛ (I курсийн оюутан):
-Ерөнхий боловсролын сургуульдаа сайн сураагүй хүүхдүүдэд боломж олгож байна гэж бодсон. Их, дээд сургуульд дөрвөн жилийн хугацаанд тухайн хүүхдийг сайн бэлтгэж, ур чадвартай багш болгож болно. Тэгээд ч элсэлтийн ерөнхий шалгалтын оноо тухайн хүүхдийн мэдлэг, ур чадварыг бүрэн төлөөлөхгүй гэж боддог. Зарим хүүхэд азаар өндөр оноо авчихсан байх нь ч бий. Тиймээс оноо чухал биш гэж боддог. Улсын сургуулийн босго оноог бууруулж, хүүхдүүдэд боломж олгож байгаа нь зөв.
БОЛОВСРОЛЫН ЧАНАР МУУДНА
Г.БОЛОРЦЭЦЭГ (Хөвсгөл аймгийн Тариалан сумын бага ангийн багш):
-Босго оноог бууруулах нь буруу гэж үзэж байна. Ер нь бага оноогоор их, дээд сургуульд элсэж болно гэсэн өрөөсгөл ойлголт бий болчих вий гэж болгоомжилдог. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд юу ч сурахгүй байсан ч их, дээд сургуульд бага оноогоор элсэжболдог гэсэн хандлагатай болчих вий. Эцэг, эхчүүд ч тийм байр суурьтай байгаа болов уу. Үүнтэй холбоотойгоор багшийн мэргэжлийн үнэ цэн буурна. Боловсролын чанарт мэдээж нөлөөлнө шүү дээ. Ялангуяа бага ангийн багш мэдлэг, ур чадвар сайтай байх ёстой. Япон, БНСУ зэрэг оронд хамгийн өндөр оноотой оюутныг бага ангийн багшаар бэлтгэдэг гэж сонссон. Улсын хөгжлийн түлхүүр бол сайн боловсрол. Тиймээс багш мэргэжлийн босго оноог бууруулах биш, харин ч нэмэх ёстой. Үүнээс гадна багшийнцалин, урамшууллыг нэмэгдүүлэх нь өнөөгийн нөхцөлд хамгийн зөв шийдэл болох байх.