Бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгааг Шинжлэх ухааны академийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн багш нар хийжээ. Судалгааны удирдагчаар тус сургуулийн багш, доктор Б.Оюунцэцэг ажилласан байна. Ерөнхий боловсролын сургуулийн багаангийн сурагчдын гэрийн даалгавар нь хэт их бөгөөд хүүхдүүдийн амрах цагийг багасган, тэдний эрүүл мэнд, эцэг, эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна гэж уг судалгаагаар дүгнэжээ. Үүнд 715 багш, 1492 эцэг, эх, асран хамгаалагч, 2443 сурагчийг хамруулсан бөгөөд багаангийн хүүхдийн гэрийн даалгавар олон улсын жишгээс 2.3, Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэмд зааснаас дөрөв дахин ихгэсэн дүн гарсан аж.
Тодруулбал, олон улсын стандартаар бол нэгдүгээр ангийн хүүхэд өдөрт10, хоёрдугаар ангийнхан 20, гуравдугаар ангийнхан 30 минутыг гэрийн даалгаварт зарцуулж болно гэж үздэг. Үүнээс цааш анги дэвших тутам даалгаврын хугацааг 10 минутаар нэмэх нь тохиромжтой юм байна. Гэтэл манай улсад бага ангийн сурагчид өдөрт дунджаар 2-3 цагийг гэрийн даалгавар хийхэд зориулдаг гэнэ. Жишээ нь, нэгдүгээр ангийнхан долоо хоногт найман төрлийн хичээл үздэг бөгөөд зургаад нь даалгавар өгдөг. Нэг хичээлийн даалгаварт хүүхэд дунджаар 30-60 минут зарцуулдаг байна. Энэ нь хүүхдүүдийн тоглож наадах цагийг хязгаарлах, улмаар тэднийг залхаах, цаашлаад эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн гэжээ.
Эдгээр дүгнэлтэд үндэслэн бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг багасгах, тэнцвэржүүлэхэд багш нар анхаарч, олон улсын сайн туршлагаас нэвтрүүлэх нь зүйтэй гэж судалгааны багийнхан зөвлөсөн байна. Түүнчлэн гэрийн даалгаврын агуулга нь хүүхдэд сурах арга барил суулгахад чиглэсэн, хөнгөн хялбар гүйцэтгэхүйц байх шаардлагатай гэжээ.
Бэлтгэсэн: М.Оч