Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайханаас хэвлүүлээд удаагүй “30 years of Asian university sports movement” номынх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Азийн оюутны спортын холбооны 30 жилийн ойд зориулан англи хэлээр номоо гаргасан тань сонирхол татлаа. Аль нэгэн байгууллагаас танд ийм бүтээл гаргах санал тавив уу?
-Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод ирэх сарын 6-8-нд болох Азийн оюутны спортын холбооны 30 жилийн ойн арга хэмжээний үеэр энэ номыг олны хүртээл болгох юм. Азийн 45 орны олон мянган их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулж, спортын үйл ажиллагаа явуулдаг тус холбоог 1992 онд Тайландын Бангкок хотод байгуулсан. Өнгөрсөн онд 30 жилийн ой нь тохиосон ч цар тахлын улмаас ёслолын арга хэмжээгээ хойшлуулсан юм. Би ч “30 years of Asian university sports movement” номоо “Ковид”-ын үеийн хөл хориотой хугацаанд бичиж дуусгалаа. Өмнө нь оюутны спортын чиглэлээр гурван ном бичсэнээс үүдэн Азийн оюутны спортын холбооноос 30 жилийн ойг тохиолдуулан бүтээл хийлгэх санал тавьсан юм. Ингэснээр анх удаа англи хэлээр бие даасан бүтээлээ хэвлүүллээ.
-Нэлээд зузаан ном харагдаж байна. Оюутны спортын түүх, онцлогийн талаар маш олон баримт материал цуглуулсан бололтой.
-Гурван бүлэгтэй ном. Нэгдүгээр бүлэгт Азийн оюутны спортын холбооны 30 жилийн түүх, бүтэц, зохион байгуулалт, хурал зөвлөгөөн, хийсэн ажлуудыг багтаалаа. Хоёрдугаар бүлэгт спортын 25 төрлөөр 2005 оноос хойш зохион байгуулсан Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний талаар оруулсан. Гуравдугаар бүлэгт нь Азийн оюутнууд дэлхийн оюутны спортын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан, манай тивд дэлхийн оюутан, залуучуудын наадмыг хэдэн удаа зохион байгуулсан, Азийн оюутнууд үүнд хэр амжилттай оролцсон зэрэг статистик мэдээллийг тусгасан. 1967 оноос хойш Ази тивд өвөл, зуны нэлээд олон наадам зохион байгуулсан байдаг.
Бэлтгэсэн: Ю.Түвшин