АНУ-ын Засгийн газраас тус улсын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан манай улс дахь зудын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний хүрээнд нэмэлт 900 000 ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Уг тусламжийг эмзэг бүлгийн малчин өрхүүдийн амьжиргааны анхан шатны хэрэгцээг хангахад буюу малын тэжээл, мөнгөн тусламж үзүүлэхэд зарцуулах аж. Ингэснээр АНУ-ын Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулах чиглэлд нийт нэг сая ам.долларын тусламж үзүүлж буй нь энэ аж. Нэн шаардлагатай байгаа малын нэмэлт тэжээл, мөнгөн дэмжлэгийг зудын гамшигт өртсөн долоон аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдэд хүргэх гэнэ. 2010 оноос хойш тус агентлагаас манай улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр есөн сая орчим ам.доллар олгожээ.