Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн инженерийн дэд бүтцийг гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна хэмээн тусгасан байдаг. Мөн Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийг байгуулна гэдгийг онцолсон.
Дээрх хоёр хөтөлбөрийн дагуу Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих замаар мах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бие даасан цэвэрлэх байгуууламж бүхий ноолуурын үйлдвэрүүдээс бусдыг хотоос гаргаж, УСУГ-ын харьяа урьдчилсан цэвэрлэх байгууламж Харгиаг татан буулгаж, 2050 хөтөлбөрт тусгасан дагуул хотуудад дэвшилтэд технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэхээр болоод байгаа юм.
Уг асуудлыг шийдвэрлэхээр арьс, ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос 25 км зайд Эмээлт эко парк байгуулах 2022 оны Засгийн газрын 08-р тогтоол гарсан. Уг тогтоолыг арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд 100 хувь дэмжиж байгаа билээ. Дэлхийн жишигт нийцсэн стандарттай, эдийн засгийн таатай байршилд байрлах уг Эмээлт эко паркыг барихад зориулж нийслэлээс 518 га газрыг Эмээлт-Аргалантад олгосон. Мөн Дэлхийн банкнаас тус эко паркыг барьж байгуулахад шаарлагатай хөрөнгө оруулалтыг хийхээр шийдвэрлэж, ТЭЗҮ-г боловсруулсан. Уг парк ашиглалтад орсноор монголын суурь үйлдвэрлэлийн салбар болох арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих үндсэн суурь бий болох юм.
Эдийн засгийн байдалд таатай нөлөө үзүүлж, байгаль орчинд ээлтэй хэлбэр рүү шилжих уг парк ашиглалтад орсоноор нийслэлийн 30 мянга орчим иргэн ажлын байртай болно гэдэг судалгаа бий. Дэлхийн банкнаас санхүүжүүлэх “Эмээлтийн эко парк” байгуулах төслийг ХХААХҮЯ, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газраас дэмжиж, УИХ соёрхосноор бүтээн байгуулалтын ажил эхлэх боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн бүс болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний 28 үйлдвэр байдаг. Эдгээрээс 5-6 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Үлдсэн үйлдвэрүүд “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас хамаарч үйл ажиллагааг зогсоогоод байна.
Тодруулбал, Арьс ширний үйлдвэрүүдээс гарсан бохирыг Харгиа цэвэрлэх байгууламж дээр цэвэрлэж, Туул гол руу цутгадаг. Гэтэл Харгиа цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй байдлаас шалтгаалж, арьс ширний үйлдвэрүүдийг өөр дээрээ анхан шатны цэвэршүүлэлт хийдэг байгууламжтай байх шаардлага тавьсанаас эдгээр үйлдвэрүүд үүдээ бариад байгаа. Үүнээс гадна бусад төрлийн орчны бохирдлын асуудал яригддагаас арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах зүй ёсны шаардлага үүсээд байгаа юм. Мөн одоогоор арьс, ширний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр газраа өргөтгөх боломж өнөөгийн нөхцөлд байхгүй. Эдгээр үйлдвэрүүдийн технологийн энэ мэт асуудлаас үүдэн хүн ам төвлөрсөн суурьшилын бүсэд байх нь зохимжгүй гэж үздэг.
Нөгөө талд 1960-1980 он хүртэл монголын арьс шир дэлхийд чанараараа дээгүүрт ордог байсан атал одоо олон улсын зах зээл дээр муу гэсэн ангилал руу шилжсэн. Учир нь одоо манай мах бэлтгэлийн ажил ихэвчлэн хөдөө, хээрийн бойгоор хийгддэг, малын өвчин зэрэг нь арьсны чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Тус үйлдвэрүүдэд нийт 4000 орчим хүн ажиллаж, амьдралаа залгуулж байна.
Товчхондоо, Нийслэлээс газрын асуудлыг шийдсэн, эко парк барих хөрөнгө санхүүжилт шийдэгдсэн, арьс шир ноос ноолуурын салбарынхан нь 100 хувь дэмжиж буй. Гэвч нэр бүхний улс төрчид зогсоогоод байгаа гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байна.