Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд эрчимжих үнийг тогтвортой хадгалахад бодлогын реформ, төрөлжилт хэрэгтэй гэж Дэлхийн банкнаас мэдээллээ. Уул уурхайн салбарын олборлолт, экспорт нэмэгдэж, цар тахлын дараа үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэснээр энэ онд 5.2 хувиар өсөх төлөвтэй гэж тус банкныхан тооцоолсон билээ. Дэлхийн банкнаас гаргасан “Монголын эдийн засгийн тойм” тайланд тэмдэглэснээр хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр өрхийн хэрэглээ тогтвортой түвшинд хадгалагдаж, улсын хөрөнгө оруулалт тэлснээр 2023 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байгаа аж. Харин өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарах төлөвтэйг мөн дурдлаа. Цар тахалтай холбоотой хязгаарлалт суларснаар үйлчилгээний салбар, тэр дундаа аялал жуулчлалын салбарын идэвхжил үргэлжлэн сэргэж, дээрх сөрөг нөлөөг нөхөх боломжтой гэнэ.
Харин ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх үеийнхээс доогуур хэвээр байгааг сануулав. Мөн өндөр инфляц, улсын өр, төсөвт дарамт учруулж болзошгүй эрсдэлүүд, гадаад секторын тэнцвэргүй байдал болон уул уурхайн салбараас хэт хамааралтай зэрэг нь эдийн засагт тулгамдаж буй гол асуудал гэдгийг дурджээ. Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку “Уул уурхайн бус салбарыг бэхжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, ажиллах хүчний, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд ухал ач холбогдолтой. Байгалийн баялгийн бус салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах нь бүтээмжийг дээшлүүлж, түүхий эдийн үнийн цочролд өртөх эмзэг байдлыг бууруулах боломжтой” хэмээн онцолсон байна.
Эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлийг дээрх тайланд дурджээ. Тухайлбал, хөгжингүй орнууд мөнгөний бодлогын төлөвөө хүлээлтээс илүү хэмжээгээр чангаруулах, геополитикийн хурцадмал байдал даамжрах, Засгийн газрын өр төлбөрүүд их хэмжээгээр хуримтлагдах, нүүрсний экспортын гэрээтэй холбоотой тодорхой бус байдал хэвээр хадгалагдах зэрэг нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэнэ.
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр эдийн засгийн өсөлт 2024-2025 онд зургаан хувиас давж өсөх төлөвтэй аж. Тодруулбал, манай улсын эдийн засаг ирэх жил 6.3, 2025 онд 6.8 хувиар өснө хэмээн төсөөлжээ. Гэхдээ цаашид тогтвортой өсөлтийг хангах, дотоод, гадаад болон цаг уурын цочмог нөлөөлөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн төрөлжилтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтүүд чухал ач холбогдолтой хэвээр гэлээ. Илүү идэвхтэй, динамик хөдөлмөрийн зах зээлийг бий болгосноор уул уурхайн бус салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийг солонгоруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх боломжтой аж. Ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, тэдний ур чадварыг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цогц систем бий болгох шинэчлэл хийх замаар хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлэх тухай бодлогын хэд хэдэн саналыг дээрх тайланд дэвшүүлжээ. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэн, залууст илүү их боломж олгож, хотын оршин суугчдыг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулснаар ажиллах хүчний оролцоо тэлж, улмаар Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болох ач холбогдолтой гэв.
Төсвийн тогтвортой байдал, аливаа цочмог нөлөөлөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд төсвийн сахилга бат, засаглалын реформууд чухал ач холбогдолтой болохыг тайланд мөн онцоллоо. Бас Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн дарамтыг багасгахад валютын ханшийн уян хатан байдлыг хангах, хөрөнгө оруулалтын төслүүдийг үр ашиг, зардал, ач холбогдлоос нь хамааруулан эрэмбэ дараатай хэрэгжүүлэх, экспортын орлого, санхүүгийн хөрөнгийн орох урсгалыг өсгөх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй зэрэг зөвлөмжийг багтаажээ. Эдийн засгийн төлөв байдал, эрсдэлт нөхцөлийг харгалзан үзвэл төсвийн сахилга бат, макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн засаглалын өөрчлөлтүүд чухал ач холбогдолтой аж.