Словени улсын Портороз хотод зохион байгуулсан Европын охидын математикийн XII олимпиадад манай сурагчид амжилттай оролцож, гурван хүрэл медаль болон нэг сурагч тусгай байрын шагнал хүртжээ. Тодруулбал, нийслэлийн I сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Ундрал, Г.Дөлгөөн, “Эрдмийн хишиг” сургуулийн Н.Болор нар хүрэл медалийн эзэн болсон гэнэ. Мөн “Эрхэт эрдэм” сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ тусгай байр эзэлсэн байна. Тэд өнөөдөр эх орондоо ирэх аж. МУИС-ийн багш, доктор Т.Хулан, дэд доктор С.Цогзолмаа нар охидын багийг дасгалжуулан бэлтгэжээ. Жил бүр зохион байгуулдаг уг олимпиадад манай сурагчид гурав дахь удаагаа оролцсон энэ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас уг олимпиадад цахимаар өрсөлджээ.
Бэлтгэсэн: Б.Очгэрэл