Аялал, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг “ME marketing entertainment” компани Улаанбаатар-Хустай чиглэлд “Өвлөгдсөн Монгол” байгаль, танин мэдэхүйн контент аялал зохион байгуулахаар болжээ. Үүнийг Хустайн байгалийн цогцолборт газрынхан хамтран хэрэгжүүлэх аж. Мэргэжлийн хөтөч, тайлбарлагч, сургагч багш, зураглаач, гэрэл зурагчин, хүүхдийн эмчээс бүрдсэн баг аяллыг удирдах бөгөөд сурагчдад зэрлэг ан амьтан, музей, тахийн тухай баримтат кино үзүүлж, байгалийн цогцолборт газартай танилцуулан, танин мэдэхүйн сургалтад хамруулах гэнэ. Мөн авхаалж самбаа сорьсон тэмцээн, хөгжөөнт тоглоом зохион байгуулах нь. Зураглаачид аяллын төгсгөлд хүүхэд бүрт тухайн өдрийн дурсамжийг нь буулгасан дүрс бичлэгийг бэлэглэх аж. Тиймээс үүнийг контент аялал гэж тодотгожээ. “Өвлөгдсөн Монгол”-д 8-10 насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөсөн байна.