АНУ-ын Вашингтон хотод энэ сарын 8-15- нд зохион байгуулсан, Филип Жессапийн нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд амжилттай оролцож, “Best new team” шагнал хүртжээ. Уг тэмцээнийг 1960 оноос хуулийн сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж ирсэн бөгөөд манай улсаас анх удаа оролцсон нь энэ аж. Дэлхийд хамгийн том хэмээн тодотгодог уг тэмцээнд жил бүр 100 гаруй орноос 700 орчим баг оролцдог гэнэ. Манай улсын тухайд үүнд оролцох багийг сонгон шалгаруулах үндэсний хэмжээний тэмцээнийг өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулахад МУИС-ийнхан шалгарсан юм байна. Тус сургуулийн багт олон улсын эрх зүйн ангийн оюутан Б.Ариунзаяа, Ө.Намуунбаяр, С.Билэгт-Очир, Г.Маргад, эрх зүйн ангийн оюутан Б.Лхагважаргал нар оролцжээ. Дасгалжуулагч багшаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга ажиллажээ.
Бэлтгэсэн: М.Оч