Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулав. Эл хугацаанд нийт зээлийн өрийн үлдэгдэл 23.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1.1 их наядаар (5.2 хувь) өссөн дүн болжээ. Тэгвэл чанаргүй зээлийн хэмжээ 2.2 их наяд төгрөг болсон нь 2022 оны мөн үеийнхээс 101.1 тэрбумаар (4.8 хувь) нэмэгдсэн үзүүлэлт аж. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 1.2 их наядаар илүү гэсэн үг. Төсвийн орлого нэмэгдэхэд онцгой албан татвар 604, нийгмийн даатгалын шимтгэлийнх 199, НӨАТ 158 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин онцгой албан татвар 90 тэрбум төгрөгөөр буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 8.3 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээс 4.6 их наядаар (2.2 дахин) нэмэгдсэн аж. Тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 6.6 их наяд төгрөгт хүрсэн нь даруй 4.2 их наядаар (2.8 дахин) өссөн дүн юм. Үүнд чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 3.4 их наяд (9.3 дахин), металлын хүдрийнх 510.5 тэрбум төгрөгөөр (27 хувь) нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэнэ.
Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 1-3 дугаар сард 22 сая тонн ачаа тээвэрлэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.3 сая тонноор (2.3 дахин) илүү юм. 2021 оны эхний улиралд эл дүн 17, өнгөрсөн жил 9.7 сая тонн байв. Бүх төрлийн тээврээр зорчигчийн тоо эхний улиралд 31.3 сая (давхардсан тоогоор) болж өнгөрсөн жилийнхээс 21.9 хувиар, орлого 705.3 тэрбумд хүрсэн нь 2.3 дахин нэмэгдсэн дүн аж.
Бэлтгэсэн: Б.Сонор