Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн явцад тулгамдсан, шийдэл хүлээж буй, цаашид анхаарах асуудлаар санал солилцох техникийн зөвлөлдөх уулзалт боллоо.
Уулзалтад төрийн байгууллагуудаас гадна ариун цэврийн байгууламжийн зургийн ажлыг гүйцэтгэж буй зөвлөх компаниуд, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй компаниуд, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, эмч нарын төлөөлөл оролцлоо.
Төслийг 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 1 болон 2 дугаар ээлжийн ажлууд 2021 оноос эхэлсэн.
- I ээлж: 17 аймгийн 50 суманд 74 сургууль, 44 цэцэрлэг, 55 дотуур байр нийт 173 объектын ажлыг 16 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 110 объектыг ашиглалтад оруулаад байна.
- II ээлж: 17 аймгийн 42 суманд 54 сургууль, 33 цэцэрлэг, 47 дотуур байр нийт 134 объектын ажлыг 15 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 64 объектыг ашиглалтад оруулаад байна.
- III ээлж: 16 аймгийн 130 суманд 153 сургууль, 100 цэцэрлэг, 88 дотуур байр нийт 341 объектын ажлыг давхардсан тоогоор 7 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. Өнөөдрийн 1 аймгийн ажлын зураг төсөл магадлалаар бүрэн хянагдаж дууссан. 1 компани ажлын зураг төслөө зургийн экспертүүдээр бүрэн хянуулж, төсөвт магадлал хийгдэж байна. 3 компани экспертүүдээ томилуулан магадлал хийлгээд 20-40 хувьтай явж байна, 3 компани зургийн ажлаа гүйцэтгэж байна.
- IV ээлж: 20 аймгийн 92 суманд 94 сургууль, 73 цэцэрлэг, 76 дотуур байр нийт 243 объектын жагсаалт гарч, ажлын зураг төслийг хийлгэхээр дэлгэрэнгүй болон хураангуй жагсаалт гаргах гэсэн хоёр үе шаттайгаар зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулаад байна.