Энэ хичээлийн жилийн сүүлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хамтдаа хичээцгээе” уриатай зөвлөмжийг сургуулийн удирдлага, багш, сурагчдад хүргүүлсэн байна. Тухайлбал, сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд төлөвлөөгүй нэмэлт ажил зохион байгуулахаас зайлсхийх, хууль бус төлбөр, хураамж авахаас татгалзаж, эцэг, эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт учруулахгүй байхад анхаарахыг сургуулиудад зөвлөжээ. Тэгвэл багш, эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг бусадтай харьцуулахгүй байх, сурагчдыг эрэмбэлж, байр эзлүүлэн, медаль, өргөмжлөл өгөх замаар ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт аргаас татгалзахыг уриалсан байна. Түүнчлэн сурагчдад төлөвлөгөөтэй хичээллэж, цагаа үр дүнтэй ашиглах, тархиа цэнэглэж, сурсан зүйлээ санахын тулд сайн унтаж амрахыг ч зөвлөжээ. Мөн нэрэлхэлгүйгээр бусдаас тусламж авч сурахыг ч захисан байна.