Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хаврын уулзалт АНУ-ын нийслэл Вашингтонд болж өнгөрлөө. Эл уулзалтын үеэр Ази, Номхон далай, Европын орнууд, Ойрхи Дорнод, Төв Азийн зэрэг бүсчилсэн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинэчлэн танилцуулав. Дээрх тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг энэ онд 4.5 хувиар өснө гэж ОУВС таамаглажээ. Энэ нь өнгөрсөн аравдугаар сард төсөөллөө танилцуулснаас 0.5 хувиар бууруулсан гэсэн үг. Мөн 2024 онд манай улсын ДНБ 5.5 хувиар тэлнэ гэж тооцоолсон нь аравдугаар сарынхтай харьцуулахад 1.5 хувиар доошлуулсан дүн юм. Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг өсөх төлөвтэй ч бодлогын хүүг нэмж, өрийн хэмжээ дээшилсэн, инфляц маш алгуур буурахаар байгаа үед сорилтууд тулгарахаар буйг дурджээ. Тухайлбал, төсвийн алдагдлыг бууруулах нь сорилт болох аж.
Сонирхуулахад, БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн жил гурван хувиар өссөн бол энэ онд эл тоо 5.2-т (аравдугаар сарынхаас тооцооллоо 0.8 хувиар дээшлүүлсэн) хүрнэ хэмээн ОУВС-гийнхан таамаглажээ. Мөн урд хөршийн эдийн засгийг 2024 онд 4.5 хувиар өснө гэж төсөөлсөн нь өмнөх таамаглалаа хэвээр үлдээсэн гэсэн үг. Өнгөрсөн 1-3 дугаар сарын байдлаар Монгол Улсын бараа, бүтээгдэхүүний экспортын 92.4, импортын 38.2 хувь нь өмнөд хөршид ногдсон дүн бий.
Эргэн сануулахад, Дэлхийн банк энэ онд манай улсын эдийн засаг 5.2 хувиар өснө хэмээн төсөөлснөө энэ сарын эхээр мэдээлсэн билээ. Тэгвэл Азийн хөгжлийн банк Монголын эдийн засаг 2023 онд 5.4, ирэх жил 6.1 хувиар тэлнэ гэж таамагласнаа мэдэгдсэн юм.