Э.ДОЛГИОН
Эдийн засагч, аюулгүй байдал судлаач
Алдарт Билл Гейтсийг маш их ном уншдаг гэлцдэг. Тэрбээр эдийн засгийн нэгэн ном уншсаныхаа дараа бухимдангуйгээр “Энэ бол чөтгөрийн ном” гэж хэлсэн байдаг. Харин тэрхүү ном нь эдийн засагч Дамбиса Моёогийнбичсэн “Үхмэл тусламж буюу олон улсын зээл, тусламж яагаад үр дүнд хүрдэггүй вэ” гэх алдарт бүтээл байв.
Дамбиса бол Африкийн Замбид төрсөн, дэлхийн алдартай эдийн засагч эмэгтэйчүүдийн нэг. Этгээд сонсогдох атлаа хэрэгтэй гэмээр өнцгөөс сэтгэж чаддаг нь түүний давуу тал юм. Жишээ нь, АНУ хамгийн баян үндэстэн болсон атлаа хэт үрэлгэн, бага хуримтлал, дэд бүтэц, боловсрол зэрэг зөв зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй бол тэргүүлэх байр сууриа алдана гэдэг. Харин Хятад улс байнга хуримтлуулдаг төдийгүй шинжлэх ухаан, ирээдүйд чиглэж хөрөнгө оруулдаг учраас тэргүүлэх байр суурь эзэлнэ гэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд АНУ нь Хятадын өрөө дефолт болгож, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хилээ хүртэл хаах хэрэгтэй гэсэн нь тун содон сонсогддог.
Дамбисагийн үзэж буйгаар сүүлийн 50 жилд ядуу буурай олон улс цэцэглэн хөгжсөн байхад Африкийн орнууд яагаад хоцрогдож, бусдын дор орсон юм бол? Улаан загалмай нийгэмлэг, ОКСФАМ, “Хил хязгааргүй эмч нар” зэрэг олон байгууллагын үзүүлдэг хүмүүнлэгийн тусламжийг үгүйсгээгүй ч энэ нь Дэлхийн банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагаас олгодог Засгийн газар хоорондын зээл, тусламжтай харьцуулахад “жижиг аягатай шар айраг” хэмээн зүйрлэжээ. Зээл нь урт хугацааны бөгөөд зах зээлийн ханшаас доогуур хүүтэй, хөнгөлөлттэй олгогддог. Нэн таатай нөхцөлтэйгөөс гадна ихэвчлэн хожим нь хүчингүй болгодог тул Африкийн удирдагчид буцалтгүй тусламж ба хөнгөлөлттэй зээл хоорондын ялгааг мэдрэхээ больсон байдаг. Иймд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг яг адил зүйл гэж Дамбиса үзжээ.
Дээрх ном нь шинжлэх ухааны бүтээл гэхээсээ илүү шүүмжлэлт зохиол юм. Учир нь Дамбиса нь номдоо зөвхөн өөрт хэрэгтэй тоо, баримтыг шүүж оруулсан гэж шүүмжлэгддэгч ашигласан зарим баримт нотолгоо нь сэтгэл түгшмээр. Тусламжийн мөнгөний их урсгал нь хуримтлал үүсгэх сонирхлыг бууруулан, инфляцыг өдөөж, авлигыг гааруулах тогтолцоог бий болгодог бөгөөд үйлдвэрлэлийг хөгжүүлэх идэвхийг сулруулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах эрмэлзлийг үгүй хийдэг. Тусламжийн талаарх төөрөгдлөөс ангижирснаар улс орны хөгжил цэцэглэлт эхэлнэ гэж үзсэн байдаг. Тэрбээр өөрийн төрөлх Африк тивд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудад шийдэл эрэлхийлсэн аж. Африк уудам нутагтай, байгалийн баялаг нөөцтэй гэх хэвшмэл ойлголт нь давуу тал гэхээсээ илүүтэй хараал байлаа. Байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засагтай улсын хувьд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан хөгжих, эсвэл уналтад орохын зэрэгцээ тогтвортой хөгжлийн бусад салбарт маш бага хөрөнгө оруулалт хийдэг гэдгийг түүх харуулдаг.
Зарим судлаач колоничлолын уршгаар Африкийн улс орнууд хоцрогдож байна гэж баталдаг бол бусад нь илүү далд утга бүхий тайлбар буюу африкчууд хөгжлийн дэг журамд хүрч хөгжих болоогүй байна гэдэг. Өөр нэг өнцөг бол Африк тив нь хэт олон угсаатнаас бүрддэг гэсэн тайлбар бий. Жишээ нь, зөвхөн Нигери улс гэхэд дөрвөн зуун ястан, угсаатнаас бүрдэх 150 сая гаруй хүн амтай. Африк дахь овог угсаатны зөрчил ихэвчлэн 1990 ээд онд Руандад болсонтой ижил хоморголон устгах дайнд хүргэдэг байв. Өөр нэг тайлбар нь институц буюу тогтолцоотой холбоотой. Ялангуяа Африкийн зовлон зүдгүүрийн цаад шалтгаан нь аливаа хүн зорилготой, үр дүнтэй амьдрах буюу хувийн өмчийн эрхийг хамгаалдаггүй, төрийн оролцоог хязгаарлах тогтолцоо тааруу, үүнээс гадна сул засаглал гэж үздэг. Мөн ардчиллын гэгдэх тайлбар байдаг нь, ардчилал нь авлига, үр ашиггүй байдлыг илчилж, удирдагчид нь үндэсний баялгийг төрд авах нэрийн дор өөрийн болгохыг зогсоодог учир Африкийн аврал болох учиртай гэнэ. Амартья Сений “Хөгжил бол эрх чөлөө” номд өгүүлсэнчлэн ардчилсан удирдагчид дахин сонгогдохын тулд эдийн засгийн уналтаас зайлс хийх хандлагатай байдаг аж. Эдийн засагч Дамбиса дээрх тайлбар, мэтгэлцээнд цаг зарцуулсангүй. Учир нь тэд бол шалтгаан биш шалтаг. Түүний хэлснээр ардчиллыг баримтлагчид анхнаасаа буруу замаар хөтлөгдсөн гэнэ.
Чили улс, жишээ нь Пиночетийн ардчилсан бус арга замаар, шийдэмгий хэрэгжүүлсэн хувийн өмчийн эрхийн хамгаалал, хүчирхэг тогтолцоо болон эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын дараал ардчилсан улс болон хөгжсөн юм. Барууны судлаачдын үзсэнээр бол Чили зэрэг улс ардчилсан бус замаар амжилтад хүрсэн нь тохиолдлын буюу гаж гэмээр үзэгдэл. Харин Дамбисагийн хувьд хөгжлийн эхэн үе шатандаа яваа улс орнуудын хөгжих замд олон намын тогтолцоот ардчилал саад учруулдаг нь таагүй ч гэлээ бодитой гэнэ. Тэрбээр мөн “Ардчилал чухал гэдэгтэй хэн ч маргахгүй, хамгийн гол нь цагаа олсон уу гэдэгт л буй юм” гэжээ. Ердийн нэг африк гэр бүлийн хувьд сонгуульд оролцож, саналаа өгдөг байх, эсэх нь огт чухал биш. Тэдэнд юу чухал вэ гэвэл ширээн дээр нь хоол байна уу гэдэг нь аж. Гэвч энэ нь эдийн засгийн өсөлт ба тогтвортой, амар тайван байдлаас хамаарна. Дамбисагийн бичсэнээр “Зээл, тусламжийг дэмждэг үзлийг баримталдаг хүмүүсийн үздэг шиг ардчилал бол эдийн засгийн өсөлтөд шаардагдах угтвар нөхцөл огтоос биш” бөгөөд “Эдийн засгийн өсөлтөд огт хэрэггүй зүйл бол зээл, тусламж” гэнэ . Түүний дурдсанаар Ботсван, Свазиланд (Эсватини) зэрэг Африкийн хөгжил сайтай орны нэг нь ч зээл, тусламжаар угжуулагчид биш аж. Бүгд л эдийн засагтаа эзлэх зээл, тусламжийн хувь хэмжээг арваас доош хувьд барьдаг байжээ. Ботсван гэхэд 1960 аад оны үед ДНБийхээ хорин хувьд хүртэл тусламж авч байсан ч эдийн засгийн нээлттэй бодлого, ханшийн тогтвортой байдал, санхүүгийн сахилга бат, Засгийн газартаа итгэх итгэлийн ачаар өсөлтөд хүрсэн байна. 2000 оны байдлаар ДНБд нь эзлэх зээл, тусламж ердөө 1.6 хувьтай байлаа. “Зээл, тусламжид найдахаа больсон учраас л Ботсван улс хөгжлийн замд гарч чадсан” гэж Дамбиса дүгнэсэн байна. Тусламжтай холбоотой урган гарах өөр нэг том асуудал бол авлига.
Хэдий их тусламж өгнө, төдийчинээ тооцоогүй байдлаар зарцуулна. Мөн зээл, тусламж нь дотоодын зах зээлийг гажуудуулж, хөгжлийн эмзэг үед яваа жижиг бизнест сөргөөр нөлөөлдөг. Тусламжийн мөнгөн урсгал нь хуримтлал үүсгэх эрмэлзлийг бууруулж, үйлдвэрлэл ба тогтолцоо байгуулах нүсэр хүнд ажлыг зогсоодог байна . Эдгээрийн дам нөлөөгөөр экспорт буурна.
Эдийн засагч Билл Истерлийн судалж тогтоосноор хэрэв Замби улс тусламжаар орж ирсэн бүх мөнгийг хөрөнгө оруулалтад ухаалгаар зарцуулсан бол өнөөдөр нэг хүнд ногдох боломжит орлого 20 000 ам.долларт хүрэх байлаа. Гэтэл бодит байдалд ердөө 500 ам.доллар байгаа юм. Африкийн удирдагчид гоё нэртэй том төслүүдэд их дуртай. Тухайн төсөл хэдийчинээ том байна, тэр хэрээр төслийн санхүүжилт нь шилэгдэж сонгогдсон сайн гүйцэтгэгчид бус, тухайн улс орны удирдагчдын хамаарал бүхий этгээд рүү урсдаг. Хэрэв авлигаас олсон орлого тухайн орондоо үлдэж зарцуулагддаг байсан бол тийм ч муу зүйл биш, гэвч Африкийн хувьд ингэж цөлмөсөн хөрөнгийг ихэвчлэн гадаадын банканд байршуулсан байдаг. Гадаадын зээл, тусламж нь муу засгуудыг эрх мэдлээ хадгалж, олж авахад нь мөнгөн хөрөнгөөр хангах замаар дэмжиж байдаг. Ийм сул засгууд эрх зүйт төрийг үл тоомсорлон, хөгжлийн бодлогыг огоорч, төсвийн сахилга батыг алдагдуулдаг. Үр дүнд нь дотоодын хөрөнгө оруулалт татарч, гадаадын хөрөнгө оруулалт дөлж, ядуурал эрчээ авдаг. Дэлхийн банкны 1997 оны судалгаагаар тус банкны нийт зээлийн 72 хувь нь нөхцөлөө дагаж мөрддөггүй, гэрээгээ зөрчдөг улс орнууд руу “урссаар” байсан гэнэ.
Хэдийгээр зарим талаар хэт өрөөсгөл, шударга бус ажиглалт мэт боловч сонсоод үзэхэд илүүдэхгүй юм. Хэрэв тусламж амжилтгүй бол өөр юу хийх вэ? Дамбисагийн санал болгосон шийдлийн нэг нь бонд юм. Бонд гаргаж олсон мөнгөөрөө дэд бүтэц, олон улсын зах зээлийн үйлчилгээний хөлсийг төлөхөд зарцуулна. Мөн хөрөнгө оруулалтын сангуудаас тодорхой хугацаанд оруулсан хөрөнгийн өгөөжийг эргүүлж төлөхөд ч ашиглана. Тэтгэврийн сан, хамтарсан сан болон гадаадын хөрөнгө оруулагчид Африкийн бондыг сонирхох нь мэдээж. Учир нь тэд хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх, илүү өндөр хүүгийн орлоготой болох сонирхолтой байдаг. Бонд гаргаснаар тухайн улс илүү хариуцлагатай болох магадлалтай. Учир нь эргэн төлөх хүү нь зээл, тусламжаас өндөр учир бондоор босгосон хөрөнгийг үр ашигтай зарцуулахыг чармайдаг. Мөн хугацаа хэтэрвэл төлөх торгууль нь хүнд тусна. Үнэт цаас амжилттай гаргах нь гадаадын зах зээлд итгэл төрүүлж, шууд хөрөнгө оруулалтын суурь болдог.
Ингэснээр тэд зээл, тусламжийн сагсанд найддаг биш, харин бондын өгөөж, урам шуулал зэргийг наймаалах замаар хөрөнгө оруулалт татдаг орнууд болж хувирдаг байна. Зээл, тусламж гуйхын оронд хөрөнгө мөнгө босгодог чадавх сууж эхэлдэг бөгөөд олон улсын санхүүгийн системд нэгдсэнээр илүү хариуцлагатай болгодог гэдэг. Африкийн хувь заяанд ихээхэн нөлөөлөхүйц өөр нэгэн тайлбар бас бий. Дэлхийн худалдаанд Африкийн эзлэх жин ердөө нэг хувь буй нь үнэхээр чамлалттай. Гэтэл дэлхийн зах зээлд шаардлагатай байгалийн баялаг, хэрэглээний бүтээгдэхүүн маш их байдаг нь давуу тал. Улс орнууд хөдөө аж ахуйн салбарын татаасанд их цаг зарцуулдаг. Европын Холбооны орнуудад фермерүүдийн орлогын гуравны нэгийг Засгийн газрын татаас эзэлдэг бөгөөд хүнсний импортын татвар нь зарим тохиолдолд 300 хувьд хүрдэг. АНУ л гэхэд жилд 20 тэрбум долларын татаасыг фермерүүддээ олгодог байна. Тэгэхээр тусламж биш, харин худалдааны реформ Африкийг өөрчлөх бүрэн боломжтой аж. Хэдийгээр эдийн засагч Дамбиса Моёо барууны тусламжийн тогтолцооны талаар шүүмжлэнгүй ханддаг ч хөгжлийн загварын тухайд ийнхүү хэлсэн байдаг. “Барууны хөгжлийн загварын талаар олон зүйл ярихгүй, хоол хадгалах хөргөгчийг нээж, хүн төрөлхтнийг саран дээр буулгасан учраас би олон зүйл нурших хэрэггүй” хэмээн өгүүлсэн нь нэгийг хэлэх биз ээ. Мөн CNBC телевизэд өгсөн саяхны ярилцлагадаа “Миний номын талаар хэлсэн үгэндээ Билл Гейтс надаас уучлал гуйх л болно” гэсэн нь хоржоонтой.