Хэдийгээр ээдрээтэй замыг туулж ирсэн ч Монголын хөрөнгийн зах зээл гараанаас гарч, сэргэлтийн үедээ иржээ. Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт Ulzii & Co хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэхээр боллоо. Өмнөх цувралд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ сэдвээр мэдээлэл хүргэсэн. Өнөөдрийн сэдэв хувьцаа. Та бүхэн эл нийтлэлээс хувьцаа гэж юу болох, түүнээс хэрхэн ашиг хүртэх вэ зэрэг багц мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.
1. Хувьцаа гэж юу вэ?
Хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.
2. Хувьцаа хэдэн төрөлтэй вэ?
Хувьцаа нь энгийн хувьцаа болон давуу эрхийн хувьцаа гэх 2 үндсэн төрөлтэй.
• Энгийн хувьцаа эзэмшигч тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох бөгөөд ногдол ашиг авах эрхтэй.
• Давуу эрхийн хувьцаа эзэмшигч саналын эрхгүй боловч тогтмол хэмжээний ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчээс тэргүүн ээлжид авах эрхтэй.
3. Хувьцааны эрсдэл ба өгөөж
Хувьцаанд хөрөнгө оруулагч нь банкны хадгаламж болон бондоос илүү өндөр ашиг олох зорилготой байдаг. Гэвч ашиг их бол эрсдэл их гэдэг зарчмын дагуу хувьцаа илүү ашиг олох боломжтой ч өндөр эрсдэлтэй тул та сонголтоо зөв хийх нь чухал юм. Аливаа компанийн хувьцааны ханш үргэлж тогтмол байдаггүй бөгөөд гадаад, дотоод хүчин зүйлээс болж хэлбэлздэг. Өндөр үнэтэй худалдаж авсан хувьцаа ханшийн уналтад орох эсхүл хувьцааг нь худалдан авсан компани дампуурах тохиолдол гарч болно.
Тиймээс хөрөнгө оруулах компаниа сонгохдоо хамгийн түрүүнд тус компанийн үйл ажиллагаа явуулж буй салбар, зах зээл өсөж томрох боломжтой эсэх, тухайн компанийн өрсөлдөгчид нь зах зээлд хэр хүчтэй байр суурьтай компаниуд байдгийг нэн тэргүүнд анхаарах ёстой. Мөн тухайн компани өсөж томрох боломж байгаа эсэх, компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь ирээдүйд хэр их эрэлттэй байх, улмаар орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа эсэх, компанийн удирдлага нь хэр туршлагатай, засаглал сайтай, зах зээлээ мэддэг хүмүүс байдаг, одоогийн орлого, ашгийн түвшин ямар байгаа зэрэг суурь хүчин зүйлүүдийг мэдэж судлахаас эхлэх нь зүйтэй юм.
4. Хувьцааны давуу болон сул тал
Хувьцааны давуу тал :
• Хөрвөх чадвар сайн
• Ханшийн зөрүүнээс ашиг олох
• Хувьцааны үнэ цэн өсөх магадлал их
• Ногдол ашиг хүртдэг
• Хөрөнгөө өөрөө удирдах боломжтой
Хувьцааны сул тал :
• Хөрөнгө үнэ цэнээ алдах
• Удаан хугацааны хүлээлт
• Өгөөж өндөр байгаагийн хэрээр эрсдэл өндөртэй
• Гадаад, дотоод олон хүчин зүйлсээс хамаардаг
• Компани нь дампуурах эрсдэлтэй
5. Хувьцаанаас хэрхэн ашиг олдог вэ?
Хувьцаа нь танд 2 төрлийн орлого авчирна.
• Ногдол ашиг - Ногдол ашиг гэдэг нь жил бүрийн ашгийн хуваарилалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг.
• Ханшийн өөрчлөлтөөс олох ашиг - Хөрөнгө оруулалт нь компанид орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж худалдаж авах, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгодог. Ингэснээрээ зах зээл дээр өөрийн байр сууриа бэхжүүлж, ирээдүйд өндөр ашиг олох үндэс суурь нь болдог. Энгийнээр тайлбарлахад, Та ямар нэгэн компанийн хувьцааг 300 төгрөгөөр худалдаж авсан. Хувьцаа маань хэсэг хугацааны дараа 500 төгрөг болон өсөхөд та хувьцаагаа заран ашиг олж болох юм.Үүнийг л ханшийн өөрчлөлтөөс ашиг олох гэнэ.
6. Хувьцааны ногдол ашгаа яаж авах вэ?
Ногдол ашиг нь компанийн хувьцаа эзэмшигчдэдээ ашгаа хувааж буй хэлбэр буюу компани нийт олсон орлогынхоо тодорхой хэсгийг шинээр үйл ажиллагаанд зарцуулахгүй тохиолдолд хувь эзэмшигчдэдээ урамшуулж ашгаасаа хуваалцаж буй хэрэг юм.
Компани ногдол ашгийг заавал хуваарилах албагүй бөгөөд хуваарилах, эс хуваарилахыг компанийн төлөөлөн удирдах зөвлөл шийднэ. Хэрэв хуваарилахгүй гэж үзвэл үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнах үүрэгтэй. Харин хуваарилах шийдвэр гаргавал тухайн шийдвэрийн талаар хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэх үүрэгтэй байдаг. Тухайн мэдэгдэлдээ, ногдол ашиг тараах компани нь хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон төлөх өдөр зэргийг заасан байх бөгөөд төлөгдөх өдөр хувьцаа эзэмшигчдэд олгогдоно.
Хэрэв та өөрийн эзэмшдэг хувьцаатай мөн тухайн хувь эзэмшдэг компани тань ногдол ашиг тараана хэмээн мэдэгдэл гаргасан ч түүнийгээ хэрхэн авахаа мэдэхгүй бол өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандан хүлээн авах дансаа баталгаажуулснаар ногдол ашиг төлөгдөх өдөр өөрт хүлээн авна.
7. Одоогоор Монголд хэчнээн компани хувьцаа гаргаад байна вэ?
Өнөөдрийн байдлаар хувьцаат компанийн I-р ангилалд 24 хувьцаат компани, II-р ангилалд 45 хувьцаат компани, III-р ангилалд 115 хувьцаат компани гээд нийт 184 хувьцаат компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэйгээр хувьцаагаа арилжаалж байна.
Хамтран бэлтгэсэн: Ulzii & Co Capital LLC