“Монголчуудын 50 хувь нь өглөөний цайгаа уудаггүй” гэж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш нарын хийсэн судалгаанд онцолжээ. Мөн “Өглөөний цайгаа уудаггүй хүн хэзээ ч эрүүл байх боломжгүй” хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн иргэд, тэр дундаа хүүхдүүд өглөөний цайгаа уудаггүйг ч дурдаж. Энэ мэт эрүүл амьдралын энгийн дадлыг хүүхдүүдэд багаас нь хэвшүүлэхэд анхаарах нь чухал болохыг тэмдэглэсэн байна.
Улсын хэмжээнд өрнүүлж буй эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн олонхоос амны хөндийн өвчин илрээд буй. Тухайлбал, одоогоор 0-17 насны 574 502 хүүхэд эрт илрүүлэгт хамрагдсанаас 55.7 хувь нь шүд цоорох өвчтэй гарсан. Тэдний талаас илүү буюу 65.9 хувь нь 6-17 насныхан гэнэ. Мөн өсвөр үеийнхний эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэйг илрүүлсэн бөгөөд ийм байдалд хүргэсэн гол шалтгаан нь хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний хэрэглээнээс үүдэлтэйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн онцолжээ.
Цаашлаад Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийн 200 орчим орноос нэгдүгээрт бичигддэг. Сүүлийн 10 гаруй жил энэ байрнаасаа хөдлөөгүй. Мөн ходоод, улаан хоолойн хорт хавдрын үзүүлэлтээр дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байгаа. Эдгээр асуудал нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол таарууг илэрхийлэх биз ээ.
НАЙМАН ЖИЛ, ЗУРГААН СЭДЭВ
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг дахин оруулснаас хойш таван жил өнгөрчээ. Дахин хэмээн тодотгосны учир нь нэг хэсэг тасалдаж, эсвэл бусад буюу биеийн тамир, биологи зэрэгтэй хавсран, мэргэжлийн бус багш зааж байгаа нэрээр оромдож ирсэн энэ хичээлийг 2018 оноос сургалтын хөтөлбөрт албан ёсоор багтаасан юм. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн бие даасан хичээл заадаг болсон. Өнгөрсөн хугацаанд сургалтын хөтөлбөр, анги тус бүрийн сурах бичгийг гаргасныг албаныхан мэдээлж байв. Гэтэл бодит байдалд иргэд, хүүхдүүд эрүүл мэндтэй холбоотой мэдээллээ голчлон нийгмийн сүлжээ, цахим орчноос буюу баталгаагүй эх сурвалжаас авсан хэвээр. Улмаар янз бүрийн, баталгаагүй бүтээгдэхүүний сурталчилгаанд “тархиа угаалгасаар” байгаа юм.
Манай улсад 1998-2014 онд бүх сургуульд эрүүл мэндийн хичээл зааж байжээ. Гэсэн ч тухайн үед хичээлийн хөтөлбөрийг нь нарийвчлан гаргаагүй, багш нараа сайн бэлтгээгүй учир төдийлөн үр дүнд хүрээгүй, аргагүйн эрхэд “хаасан” гэнэ. Улмаар дөрвөн жил “хаясан”-ы эцэст 2018 онд сэргээхдээ хичээлийн хөтөлбөрийг 4-12 дугаар анги тус бүрээр нарийвчлан боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хичээлийг дөрөвдүгээр ангиас эхлэн заахаар шийдвэрлэн, сурагчдыг сургуулиа төгсөх хүртэл нь найман жил үүнийг судлуулахаар болсон байна.
Хичээлийн сургалтын хөтөлбөр, агуулга нь үндсэн зургаан бүлэг сэдэвт хуваагддаг. Нэг дэх нь хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хоёрт хооллолт ба хөдөлгөөн, гуравт сэтгэцийн эрүүл мэнд, дөрөвт хорт зуршил, тавд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, зургаад аюулгүй байдал, анхны тусламж гэсэн агуулгатай. Анги бүрт эдгээрийг үздэг бөгөөд тухайн хүүхдийн насны онцлогт тааруулан хэдэн цаг заахыг тохируулдаг гэнэ. Тухайлбал, 4-6 дугаар ангид хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэндийн сэдвийг заах цаг ахиу. Тэгвэл ахлах ангиудад бэлгийн болон нөхөн үржихүйн хичээл түлхүү заадаг аж. Сургалтын хөтөлбөрт дурдсанаар бол хүүхдүүд зөв хооллох талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй, хорт зуршлаас хол байх чадамжтай, ирээдүйд бие, сэтгэл зүйн хувьд эрүүл саруул иргэн болон төлөвшихөөр байгаа юм.
БАГААНГИЙН ХҮҮХДҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНД “ХЭРЭГГҮЙ”
Эрүүл мэндийн хичээлийг дөрөвдүгээр ангиас эхлэн заадгийг өмнө дурдсан. Харин бага ангийнхны тухайд уг хичээлийг тусгайлан үзэхгүй ч ангийн багш нь хүүхдүүдэд эрүүл ахуйн мэдлэг олгох үүрэгтэй гэнэ. Тухайлбал, 1-3 дугаар ангид эрүүл мэндийг хүн ба орчин, хүн ба байгаль, хүн ба нийгэм, биеийн тамир гэсэн хичээлүүдтэй хавсруулан заах нэрээр оромддог бөгөөд хүүхдүүд дорвитой мэдлэг, ойлголт авч чаддаггүй юм байна. Тиймээс зарим эцэг, эх нэгдүгээр ангиасаа эхлэн хүүхдүүд уг хичээлийг үзэх шаардлагатай гэж боддогоо хэлэв. “Сургуулийн орчинд зарж болохгүй хүнсний жагсаалт гэж уг нь холбогдох албаныхан баталсан ч хүүхдүүд түүнийг нь төдийлөн мэддэггүй. Мэддэг нэг нь тоодог ч үгүй. Учир нь тэр хүнсийг сургуулийн орчинд яагаад зарж болохгүй, түүнийг худалдаж авах нь ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг хүүхдүүд ойлгохгүй. Тэгвэл тэдэнд эрүүл мэндийн хичээлээр нь дамжуулан үүнийг ойлгуулах нь чухал. Мэдээж үүнд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлага ч хамаатай. Хамгийн гол нь багаасаа, аливаа зүйлийн утга учрыг танин мэдэж эхлэх цагаасаа хүүхэд зөв дадалд суралцах нь чухал шүү дээ. Үүнд багшийн үүрэг, оролцоо хэрэгтэй. Нэгэнт буруу амьдралын хэв маягт дадчихсан хүүхдүүдэд зөв хооллолт, амьдралын хэв маягийн талаар хичээл заах нь төдийлөн үр дүнгүй байх” гэж нэгэн ээж ярьсан юм.
Олон улсад ч эрүүл мэндийн хичээлийг хүүхдэд сургуульд элссэн цагаас нь системтэйгээр заадаг байна. Ингэхдээ эрүүл мэндийн анхан шатны ойлголт, мэдлэгийг энгийн ойлгомжтой, ихэнх тохиолдолд тоглоомын аргаар эзэмшүүлэх хөтөлбөртэй байдаг гэнэ. Япон, АНУ-д гэхэд хүүхдүүд цэцэрлэгт хүмүүжих, нэгдүгээр ангид элсэхээс эхлэн эрүүл мэндийн хичээл үздэг аж. Гэтэл манай улсын хувьд цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсрол олгохоосоо илүү хүүхэд харах, өдөр өнжүүлэх төвийн жишгээр ажилладаг гэхэд буруудахгүй. Улмаар 1-3 дугаар ангид нь ч эрүүл мэндийн боловсрол дорвитой олгохгүй байхаар хүүхэд яаж зөв дадал, хэв маягт суралцах вэ.
Жишээ нь, бага ангийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагддаг. Сурагчдын хоолтой холбоотой шүүмжлэл ч тасардаггүй. Хэрэв тэдэнд эрүүл мэндийн хичээл заадаг бол үдийн хоолны орцод ямар бүтээгдэхүүнүүд багтсан, тэдгээр нь шим тэжээл сайтай юу, улмаар хүний биед хэрхэн эергээр нөлөөлөх боломжтой зэргийг ч ойлгуулж болохоор. Гэсэн ч манайд ийм туршлага хараахан алга.
МЭРГЭЖЛИЙН БАГШ БАЙНА УУ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан, бага, дунд боловсролын салбарын 2022-2023 оны хичээлийн жилийн статистик мэдээлэлд улсын хэмжээнд өдгөө 36 118 үндсэн багш сургуулиудад ажиллаж байгааг тэмдэглэжээ. Мөн тэдгээр багшийг мэргэжлээр нь ангилсан байна. Гэтэл тэдний дунд эрүүл мэндийн багшийн тоон мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн үндсэн багшийн орон тоо байхгүй гэсэн үг. Энэ нь тэднийг цагаар ажиллуулдаг, эсвэл аль нэг багш уг хичээлийг хавсран заадгийг нотолж буй юм. Сурагчид ч үүнийг баталсан бөгөөд ихэвчлэн хими, биологийн, зарим тохиолдолд ангийн багш нь ч эрүүл мэндийн хичээл заадаг гэнэ. Цөөн сургууль эрүүл мэндийн тусгай багштай аж. Тухайлбал, нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль эрүүл мэндийн багштай бөгөөд долдугаар ангийн нэгэн сурагч уг хичээлийг долоо хоногт нэг цаг үздэг гэв. Энэ жил эхлээд эрүүл хооллолтын талаар үзсэн бөгөөд өдгөө архи, тамхины хэрэглээ, хорт зуршлын талаар сэрэмжлүүлсэн хичээл зааж байгааг хэллээ.
Өмнө нь эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан шалтгаан нь мэргэшсэн багш байхгүй, улмаар хүүхдэд дорвитой мэдлэг олгодоггүй, цагийг дэмий өнгөрөөдөг байсантай холбоотой юм билээ. Өөрөөр хэлбэл, багш нараас аль завтай нь уг хичээлийг заадаг байжээ. Тэр үеийг бодвол өдгөө нөхцөл байдал жаахан сайжирч, ядаж сурах бичигтэй болсон байна. Гэсэн хэдий ч багш нарт анхаарахгүй бол хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол олж авч чадахгүй, нийгмийн эрүүл мэндэд өдгөө тулгамдаад байгаа асуудлууд ч шийдэгдэхгүйг ШУТИС-ийн багш, хоолзүйч, шим тэжээл судлаач, доктор, дэд профессор М.Пүрэвжав өмнө нь ярьж байв. Түүнчлэн уг хичээлийн зургаан бүлэг сэдвийг бүгдийг нь мэдэж, ойлгож заах “супер” багш байхгүй бөгөөд ийм боломж ч үгүй гэдгийг тэрбээр тодотгосон юм. “Эрүүл мэндийн хичээл нь хоол хүнс, хөдөлгөөн, сэтгэц, нөхөн үржихүй зэрэг үндсэн агуулгатай. Үүний дагуу сэдэв, сурах бичгээ гаргасан байдаг. Миний хувьд хичээлийн хөтөлбөр учир дутагдалтай, алдаатай, анги хоорондын уялдаа холбоо тааруу гэж боддог. Хичээлийн хөтөлбөрт хоол тэжээлийн боловсролын агуулга бий. Хамгийн гол нь тэр хичээлийг мэддэг хүн л заах ёстой шүү дээ. Жишээ нь, би сэтгэцийн эрүүл мэндийн талаар зааж чадахгүй. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд дээрх зургаан агуулгыг нэг багш заадаг. Үндсэндээ хичээл заадаг нэртэй ч хүүхдүүдэд мэдлэг олгохгүй байна гэж боддог” гэж М.Пүрэвжав ярьж байв.
Сүүлийн жилүүдэд боловсролын чанарын талаар салбарын яам, холбогдох бусад байгууллагынхан нэлээд хөндөх болсон. Тэгвэл үүнийхээ хүрээнд эрүүл мэндийн хичээлийн чанараа эргэн харж, хүүхдүүдэд үр дүнтэй боловсрол олгохгүй бол манай улсад нийгмийн эрүүл мэнд орхигдсон хэвээрээ байхыг дээрх жишээнүүд харуулах биз ээ.
Бэлтгэсэн: М.Оч